Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн муу үе хэдийд эхэлснийг эрдэмтэд тогтоожээ

Дэлхийн мэдээ | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2018-11-17 15:58:37
МОСКВА. /RIA Novosti/. Хүн төрөлхтний түүхэн дэх “хамгийн аймшигтай муу үеүдийн нэг” Манай Эриний 536 оноос эхэлсэн гэдэг дүгнэлтийг Америкийн эрдэмтэд хийсэн тухай Science сэтгүүлд мэдээлжээ.

Харвардын их сургуулийн дунд зууны үеийн түүх судлаач, археологич Майкл Маккормикийн ярьснаар, тухайн үед Европ, Ойрхи Дорнод болон Азийн зарим бүс нутагт “нууцлаг манан” бууж хагас жил арилаагүй байна. Нарны гэрэл дутмаг байсны улмаас хойт тал бөмбөрцгийн жилийн дундаж температур огцом буурчээ. Энэ нь ургац алдахад хүргэж, газар сайгүй өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэсэн байна.

“Энэ үед бас хамгийн агуу гайхамшиг тохиосон нь нар яг бүтэн жилийн турш сар шиг ямар ч туяагүй яг л бүх хүч чадлаа алдсан мэт өмнөх шигээ хурц, тодоор гэрэлтээгүй байна. Ийм үзэгдэл эхэлсэн мөчөөс хойш хүмүүсийн дунд дайн, тахал, ер нь үхэл дагуулдаг бүхий л гай гаймшгийн аль аль нь нүүрлэсээр байсан юм. Энэ үед Юстинианы хаанчлалын арав дахь жил болж байв. Дараа нь, 541 онд дэлхий даяараа тахалд нэрвэгдэж, Дорнодод зуун сая, Европт 25 сая хүний амийг авч одсон. Энэ тахлыг Юстиниановын тахал гэж нэрлэх нь ч бий" гэж византийн түүхч Прокопий Кесарийский ярьжээ.

Эрдэмтэд VI зуунд нарны гэрлийг хаасан “манангийн” эх үүсвэрийг олохын тулд Швейцарийн Альпийн нурууны мөсөн голуудаас цасны дээж авсан байна. Мөсөн голууд нь нэг төрлийн “эртний он дараалсан бичиг” бөгөөд цас нь галт уулын дэлбэрэлт, Сахарын цөл дэх элсэн шуурга, түүгээр барахгүй Европт дунд зууны үед мөнгийг их хэмжээгээр олборлож байсан гэх мэт хүний идэвхтэй үйл ажиллагаанууд зэрэг манай гараг дээр болж байсан хамгийн янз бүрийн үйл явдлыг жилээс жилд “бүртгэж авдаг” ажээ. Агаар мандал дахь химийн бүтцийн бүх өөрчлөлт нягтаршсан цасны давхаргад “бүртгэгддэг” байна.

Эрдэмтэд авсан дээжээ Мэн муж улсын Их сургуулийн мэргэжилтнүүдийн судалгаанд илгээсэн байна. Тэд хамгийн сүүлийн үеийн аргын тусламжтайгаар тодорхой цаг хугацааны давтамжийг долоо хоног хүртэл хугацаанд харуулдаг тусдаа хэсгүүдийг ялгаж чаджээ.

Эдгээр хэсгийг урьд өмнө нь илрүүлсэн бусад хэсэгтэй харьцуулсны дүнд эрдэмтэд Исландын галт уулын чулуулагтай таарч тохирч байсныг тогтоосон байна. Ингээд эрдэмтэд 536 онд энэ арал дээр галт уулын хүчтэй дэлбэрэлт болж, хойт тал бөмбөрцгийг үнсэн үүл нөмөрсөн гэдэг дүгнэлтийг хийжээ. Дараа нь 540, 547 онд дахин хэд хэдэн дэлбэрэлт болсон байна.

Эдгээр дараалсан үйл явдал нь тахалтай нийлж, Европыг урт хугацааны уналтанд оруулсан ба энэ нь 640 он хүртэл 100 гаруй жил үргэлжилжээ.
Холбоотой мэдээ