Ж.Батбаясгалан: Боловсруулсан түлшний өртгийг зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх бодлого барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-27 13:22:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ирэх оны 5 дугаар сараас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хязгаарлах тухай Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг өнөөдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж байна. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах тухай тогтоол 4 заалттайгаас 2-ыг нь Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар эхний ээлжинд боловсруулсан шахмал түлш бэлтгэх ажлыг зохион байгуулж буй талаар НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Тэрээр "Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Боловсруулсан түлшний түүхий эдийг "Энержи ресурс" компаниас татахаар бэлтгэж байгаа. Үүнтэй холбогдуулан эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Өдгөө түлш нөөцлөх агуулахуудыг судалж байна. Мөн зорилтот бүлгийн өрхийг сайжруулсан түлшээр хангахад шаардагдах хөрөнгийг улсын төсөвт суулгаад байна” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын зарим тэргүүлэгч асуулт тавьсан юм. Тэргүүлэгч Ц.Байгалмаа: Сайжруулсан түлш хэрэглэгчдийн гарт хэдэн төгрөгөөр очих тооцоотой байна вэ?

Ж.Батбаясгалан: -Нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүйтэй холбогдуулан нийслэлийн удирдлага түлшний үйлдвэрийнхэнтэй уулзаж, ярилцсан. Түүхий эдийн үнэ нь хямд учраас боловсруулсан түлшний өртгийг зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх бодлого барьж байна.

Тэргүүлэгч Д.Мөнхжаргал: -Нийслэлийн иргэд жилд хэдий хэмжээний нүүрс түлдэг юм бэ. Боловсруулсан түлш 11-12 цагийн турш дулаанаар хангадаг гэж ойлгодог. Энэ талаар тодруулна уу?

Ж.Батбаясгалан: -Бид 8 хороонд туршилт хийсэн. Үр дүн сайн гарсан.

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороололд 202 мянган өрх амьдардаг. Тэд дунджаар 800 мянга орчим тонн түүхий нүүрс түлдэг гэсэн судалгаа бий. Бид жилд 600 орчим мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан: -Сайжруулсан түлшний түүхий эдийг барьцалдуулагчийг хаанаас оруулж ирсэн бэ. Агуулахын хүчин чадал ямар байх талаар тодруулах шаардлагатай. Түлшний түгээлтийг ямар байдлаар хийх вэ, Иргэд тодорхой цэгээс өөрсдөө очиж авах уу, эсвэл өөр хэлбэрээр хүргүүлэх үү. Дундаас нь зуучлагчид гарч ирээд, үнийг нь хөөрөгдүүлэх юм биш биз дээ?

Ж.Батбаясгалан: -Түлш үйлдвэрлэх ажлыг ЭХЯ хариуцна. Эхний ээлжийн туршилтын түлшийг үйлдвэрлээд эхэлчихсэн. Бид түүхий эдийн стандартад хяналт тавьж байна. Хилээр оруулж ирсэн цагаас нь эхлээд л стандартад нийцэж буй, эсэхийг нь шалгасан.Цаашид үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрсөн гурван лабораторид дээжийг нь оруулж байхаар төлөвлөсөн. Шаардлагатай хоёр агуулах барих хөрөнгийг хотын төсвөөс гаргана. Үлдсэн нэг агуулахыг улсын төсвийн хөрөнгөөр барих юм.Хэрэглэгчдэд ямар байдлаар, хэрхэн хүргэхийг судалж байгаа гэв.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар мөн Хамгаалах байрны талаар авах арга хэмжээний тухай, нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, Хүүхдийн зуслангийн газрын хамгаалалтын бүс тогтоох тухай, “ДЦС-3” ТӨХК-ийн үнсэн сан байгуулах газрыг нийслэлийн усны эх үүсвэрий хамгаалалтын бүсээс гаргах, Нийслэлийн Байгаль орчны газарт “Минж нутагшуулж, үржүүлэх төслийн нэгж” ОНӨТҮГ-ыг нэгтгэн зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Эдгээрээс Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг буюу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар эхний ээлжинд боловсруулсан шахмал түлш бэлтгэх ажлыг зохион байгуулж буй талаар Тэргүүлэгчид хуралдааны эхэнд сонссон юм.

Дашрамд дурдахад Нийслэлийн Засаг даргыг огцруулах эсэх талаар хэлэлцэхээр энэ сарын 23-нд түр завсарлаад байсан НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөөр 14.00 цагаас үргэлжлэн хуралдахаар товлоод байна.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ