33 өрх орон гэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-28 22:32:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймаг “Амьдрах орчноо сайжруулж-Ахмад настнаа дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.

“Ажилтай орлоготой Хөвсгөл” дэд хөтөлбөрийн хүрээнд олон ам бүлтэй, амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой зорилтот бүлгийн 33 өрхөд өргөө цагаан гэрийг аймгийн Засаг дарга Л.Ганболд, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр гардуулан өглөө. Өвлийн сар гарч хүйтний эрч нэмэгдэж байгаа энэ үед орон гэртэй болсондоо талархаж буйгаа иргэд хэлж байлаа.

Мөн эх үрсийн баярын өдөр буюу 6 дугаар сарын 1-нд 17 өрхөд гэр олгож байсан юм. Ийн нийт 50 өрхийн 200 гаруй иргэдийг орох оронтой болгожээ. Нэрлэсэн жилийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 80 сая төгрөгийн санхүүжилтээр 24 сумын  ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чийрэгжүүлэлтийн төвийн үйл ажиллагааг дэмжин тоног төхөөрөмжтэй болгосон,  ахмадуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчих  зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа аж.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ