Замын хөдөлгөөнийг таван минут зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-28 22:26:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд энэ сарны 29-ний өдөр 11 цагаас бүх замын хөдөлгөөнийг таван минутын хугацаанд зогсооно.

Улс орон даяар зам тээврийн осолд өртөж бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлдэг уг арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Энэ жил тухайн өдрийг "Хичээх өдөр" уриатайгаар 11 сарын 19-29-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд зам тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосноор жолооч бүр дүрмээ сахин биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг уриалах, нэг өдөр ч гэсэн зам тээдрийн хэрэг зөрчил гарахгүй байхад нөлөөлөхийг хичээж байгаа юм байна. Цаашлаад үүнийгээ өдөр тутам хэвшиж заншихыг иргэддээ уриалж байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15- 20 хүн бэртэж, 1-2 хүн амь насаа алдаж байгаа гэсэн судалгаа байдаг байна. Харин Өмнөговь аймагт 2018 он гарснаас хойш 23 иргэн амь насаа алдсан байна. Мөн 10 дугаар сард зам тээврийн осол 32 бүртгэгдсэн бол 11 сард 44 бүртгэгдэж өссөн байгаа нь анхаарал татаж байгаа аж. Тиймээс замын хөдөлгөөнийг зогсоох түр ажлыг анх удаа аймагтаа зохион байгуулах юм байна. 

Холбоотой мэдээ