Тэнгэрийн суудалтай л даа уг нь, энэ яруу найрагчид чинь...?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
183@montsame.mn
2018-11-30 11:20:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дахиад л нэг мөнхийн зул барих хэрэг гарлаа. Энэ жил ер нь хэдэн зул барьчихав аа?Хаврын эх 3 дугаар сард Өндөр алтайн улаан хамарт дүү, "Болор цом"-тон Хөөдэйн Эрдэнэбаатартаа нэгэн зул барив. Зуны эх 6 дугаар сард бил үү, Өргөн говийн зөөлөн дуут дүү, "Болор цом"-тон Арлааны Эрдэнэ-Очиртоо нэгэн зул барив. Тэгэхнээ өвлийн эх 11 сарын сүүлээр Хөх хөвчийн хүү, бужгар хар толгойт дүү, "Болор цом"-тон Баттөрийн Мягмаржавдаа нэгэн зул барилаа...яая гэхэв.

Тэнгэрийн суудалтай л даа уг нь, энэ яруу найрагчид чинь...?
Тэгэхдээ цагаасаа эрт, наснаасаа эрт, тэнгэрлэг яруу найрагч дүү нараа яарангуйхан тэнгэр рүү явахлаар дэндүү их харамсах юм. Харамсахын л "хүйтэн чулуу" хүлхээд хоцорном. Юунаас ч үл шалтгаалан "чулуу хүлхэх" ямар сайн байх вэ дээ?
Эд нар маань тэнгэрт эргэлдсэн хүрэн бүргэд шиг хүчирхэг шүлэгтэй яруу найрагчид шүү дээ. Тэнгэрээс газар руу гэнэт харван унаад, газраас сүнс нь тэнгэр рүү харван одохыг харах хэцүү л байнам.
Залуу яруу найрагчдын харвалт бол ихэнхдээ зүрхний харвалттай нэн ойр. Зүрх бол яруу найрагчийн амь юм. Ямарч эмгэнэл харуусал, ихэрхэл гоморхол, ихсэл баяр хөөр зүрхэнд эхэлж тусдаг. Яруу найрагчдын үхэл бол зүрхний харвалт байдаг. Даанч яруу найрагчдын зүрх чулуу биш байдаг байхгүй юу? Ялангуяа зарим хүний зүрх "чулуужиж" байгаа цагт найрагчдын зүрх улам ч "нялцгай" болдог. Тархинаасаа илүү зүрх нь "нялцгайрдаг" учир ширүүхэн цохилт таарвал тэсдэггүй шиг байна.
Баттөрийн Мягмаржавыг хөдөөнөөс буюу хөвчөөс ирэхийн л мэднэ л дээ. Анхных нь шүлгээс ааглуу том найрагч болтол нь шүлгүүдийг нь сонсч, ойр тойр явцгаалаа. Бие чилээрхүүг нь дуулсан ч босоод ирнэ гэж бодсон. Хөвчийн хүүгийн хөх судас амархан тасрахгүй гэж бодсон. Тэгэхнээ...амь нь ч, амьсгаа нь тасарчээ...Мөнхийн зулаараа л сүнсийг нь аргадья даа..Умаа хум...
Б.Мягмаржавын мянга мянган шадаас сэтгэлд ойр хэдэн шад надад буй...
...Толгойгүйдээ би малгайгүй явдаггүй
Тогосны өд ч бай тоож би өмсөхгүй
Тэргүүн дээр минь өнө мөнхөд орших
Тэнгэрийг би дуртайяа өмсөж явдаг...

Нээрэн л золиг чинь, малгайгүй, дандаа л толгой нүцгэн явдаг байжээ...? үүнийх нь хариуд,
...Бужгар өтгөн хар үс нь
Булган малгайнаас дутахгүй
Тэнгэрийн онгод цахилсан толгойг нь
Титэм мэт чимж явж уу..гэмээр л байнасанж.

Бас нэгэн шүлгийнх нь хэдэн мөрт санаанд байна...
...Өндөр хар уул өөдөө
Өгсөж явахдаа чөтгөр байдаг
Буурал их уулсынхаа өврөөс
Буцаж явахдаа би бурхан болдог...

Дархадын хотгорын хүү ингэж бичихээс өөр хэн ч ингэж бичихгүй. За бас л үүнийх нь хариуд,

...Уулс дээшээ тарниа шидэв
Улсхийсэн гал Мягаагийн зүрх байв
Ум зандан тайгын сүнст дүү минь
Ум ма ни бад ми хум...Тэнгэр таалаг...гэхээс өөр үг эс олдов...

ЦАГ БУСЫН ДУУЛЬ
/эрхэмсэг залуу насаа эрт орхисон дүү нартаа/

Тэнгэрт суудалтай л даа уг нь, энэ яруу найрагчид чинь
Тэгэхдээ эрт, юунд яарав аа...?
Тулгаж суух хундаганы дуу хангир жингэр
Тухалж суух гэрийн банхрын дуу хангир жингэр...

Тэнгэрт суудалтай л даа уг нь, энэ яруу найрагчид чинь
Тэглээ гээд юунд яарав даа...?
Ааглаж унших шүлгийн дуу хангир жингэр
Аархаж урих найргийн чонын дуу хангир жингэр

Тэнгэрт суудалтай л уг нь, энэ яруу найрагчид чинь 
Тэгтлээ яагаад, юунд яарав даа...?
Мөнх бусын хорвоогийн дуу хангир жингэр
Мөнх орших тэнгэрийн диваажины дуу хангир жингэр

Тэнгэрт суудалтай л даа уг нь, энэ яруу найрагчид чинь
Тэсч, тэсэрч, тэвчиж үлдэх л учиртай шүү ах дүү нар минь
Үхэл сэхлийн дуу үүдэн хойморт хангир жингэр...
Үүрдийн орны дуу зүүдэн хийморьт хангир жингэр...?


2018.11.29...12.00 цагун дору.

Холбоотой мэдээ