Ш.Оргил: Миний мэдэхийн хамгийн том хөрөнгө оруулалттай жил бол 2019 он болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-06 12:58:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан өнөөдөр буюу энэ сарын 5-ны өдөр хуралдаж, Сэлэнгэ аймгийн 2019 оны төсвийн төслийг баталлаа. Ирэх оны төсвийн төсөл өмнөх онуудаас илүү хөрөнгө оруулалттайгаар батлагдсан юм. Ингээд аймгийн Засаг дарга Ш.Оргилтой уулзаж ярилцлаа.

-Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болж, аймгийнхаа ирэх оны төсвийг батлууллаа. 2019 оны төсөвийн төсөлд хэр өөрчлөлт оров. Төлөөлөгчдөөс бас ямар санал дүгнэлт оруулав. Нэмэгдэж, хасагдаж, өөрчлөгдсөн зүйл байв уу?

-Өнөөдөр бид Сэлэнгэ аймгийн ИТХ-ын XII хуралдаанаар аймгийнхаа төсвийг 100 хувийн саналаар баталж авлаа. Мөн нэг талаас цаг хугацаа хэмнэсэн, бие биедээ үнэтэй санал зөвлөгөөг цаашдын хуралдаа өгсөн хурал боллоо гэж засаг даргын хувьд би үзэж байна. Миний хувьд төсөв хэлэлцэхээс өмнө сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, сумдаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг дуудаж нэг бүрчлэн дангаар нь уулзаж, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтын ажлаа яриад, сумдад хийх ажлаа тохирсон байсан. Иймээс өнөөдөр бидний асуудал маш хурдан шуурхай, манай танай гэж маргалдаж, зөрөлдөх зүйл гарахгүйгээр хуралдлаа. Миний зүгээс томоохон бүтээн байгуулалтууддаа хөрөнгө мөнгөө зарцуулъя гэсэн санааг ИТХ-д оруулсан. Гэхдээ зүгээр нэг бул чулуу болоод үлдчихгүй, буцаагаад аймагтаа үр өгөөжөө өгөх зүйл дээр зарцуулъя гээд байгаа юм. Үүний нэг тод жишээ бол Сайханы хөтөлийн хадан дээгүүр барих шилэн гүүр. Энэ маань шилэн тавцантай, 70 метрийн урттай. Сая хурлын төлөөлөгч нартаа аялал жуулчлалын гэдэг утгаар энэ төслөө танилцууллаа. Бүгд маш сайхан дэмжиж байна. Төлөөлөгчдийн зүгээс нэмж хассан зүйл гараагүй. Ганц нэг асуудал орж ирлээ. Энэ бол Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгааны аппарат авах санал нэмж орж ирснийг дэмжээд 2019 оны төсөвтөө суулгаж өглөө. Энэ маань зөвхөн нэгдсэн эмнэлэг гэдэг нэг л байгууллагад өгч байгаа мөнгө биш юм аа. Үүний ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарсан хичнээн нүдэнд харагдахгүй ч гэсэн төсөв мөнгийг асар их хэмнэсэн зүйл юм. Миний хувьд энэ тал дээр маш их анхаарч ажиллаж байгаа. Орон нутгаас эмчлүүлэхээр нийслэл хотыг зорьж байгаа иргэд маань хэнийд байх вэ гэдгээс эхлээд такси унааны мөнгө, замын зардал, хоол унд гээд маш их зардал гарч байгаа. Үүнийг бодолцоод аймагтаа дурангийн хагалгаа хийдэг, мэргэжлийн эмч нь байна. Иймээс энэ дурангийн хагалгаагаа эндээ хийчих юм бол аймагтаа зардал чирэгдэл болохгүйгээр, төсөв мөнгөө хэмнээд өвчнөөсөө салах боломжтой юм гэж үзсэн. Энэ боломжийг бүрдүүлэх үүднээс эрүүл мэндийн салбартаа анхаарч энэ асуудлыг шийдлээ. Бас энэ салбарт тавигдсан томоохон хөрөнгө оруулалтын ажил бол 260 сая төгрөгийн өртөгтэй хүчилтөрөгчийн цогц аппаратыг аймгийнхаа НЭ-т авч өгч байгаа. Энэ аппарат бол хүчилтөрөгчөө өөрөө үйлдвэрлэдэг үйлдвэртэйгээ ирж байгаа аппарат. Хүнд өвчтэй, хүчилтөрөгчийн дутагдалтай ирж байгаа хүмүүст шууд хэрэглэхэд зориулагдсан цогц аппарат гэдгээрээ онцлог давуу. Өрөө өрөөнд нь суурилуулаад зүүж өгөх юм. Энэ бас л аймгийнхаа иргэдийн төлөө хийж байгаа хөрөнгө оруулалтын томоохон ажлын нэг гэж би харж байгаа.

-Энэ удаагийн 2019 оны төсвийн төсөл маань өнгөрсөн жилээс таван тэрбум, Монгол Улсын Засгийн газраас баталж өгсөн дүнгээс гурван тэрбумаар илүү батлагдлаа. Энэ саяны таны ярьсан бүх томоохон хөрөнгө оруулалтын ажлууд тусгагдсан учраас ингэж нэлээд өндөр төсөв батлагдав уу. Ингэж ойлгож болох уу?

-Ер томоохон ажлууд дээрээ гэж жишээ нь эдгээр ажлуудад хөрөнгө тавьсан. Мөн дээрээс нь улсын төсвөөс Сэлэнгэ аймагт хангалттай хөрөнгө тавигдсан гэж харж байна. 2019 онд Сэлэнгэ аймагт хэд хэдэн сургууль, цэцэрэг баригдахаар улсын төсөвт тавигдсан.  Сэлэнгэ аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр нэлээд ярьж байгаа. Үүгээрээ мөнгө олох боломжтой. Дан ганц газар тариалан, төмс, хүнсний ногоогоор явахгүй. Хил 24 цаг болчлоо. Хүмүүс Сэлэнгийн Сайханы хөтөл үзэх гэж ирдэг. Энэ бүгдэд анхаарч, Сайханы хөтөлийн замын асуудал тавигдлаа. Энд 7 км-т хоёр гурван тэрбум төгрөг тавигдсан. Энэ бол манай аймгийн иргэдэд зориулсан маш том дэмжлэг болж байна гэж харж байгаа. Улсаас ч бай, аймгаас бай бусад сумдадаа ч хөрөнгө оруулалтын ажлууд тавигдсан. Миний мэдэхийн хамгийн том хөрөнгө оруулалт орсон жил болж байна гэж харж байна.

-Сая хурал дээр тавьсан аудитын мэдээлэлд орон нутгийн санхүүжилтээр хийгдэх ажлуудаас зураг төсөл нь байхгүй 12 төсөл байна гэсэн. Энд ер нь ямар судалгаа явагдсан юм бол . . .?

-Манай төлөөлөгчид ч гэсэн хэлж байсан. Манайх зурагтай шүү, юмтай шүү гэж. Магадгүй тийм зүйл байгааг үгүйсгэхгүй. Ингэхдээ бид олон жилийн дунджаас магадгүй 2017, 2018 оны бусад аймаг, сумдуудаас судалгаа хийсэн. Энд зүгээр нэг тэдэн төгрөг гэж хэлэнгүүт л бид тавьчихдаг мөнгө биш шүү дээ. Шинжилгээ, дүгнэлт  хийгээд, бүхэл бүтэн төсвийн баг ажиллаж байгаа учраас маргах зүйл байхгүй. Бид зураг төсөвтэй ажлыг нэг номерт тавьсан. Боловсрол, эрүүл мэндийн салбарт ийм зураг төсөв гарч байгаа. Үүнийг бид хуулийн дагуу худалдан авах үйл ажиллагааны хүрээнд ороод зарлагдаад явна. Энэний ард хүүхэд, багачууд, эцэг эхчүүдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөх л гэж зүтгэж байгаа юм. 50 хүүхдийн цэцэрлэг гэхэд л ямар их дэмжлэг болох уу, тийм үү. Энэ зүйлийг л харж ажиллаж байна.

-“Шийдэл” ТББ-аас “Жорлонгоо өөрчилье” төсөл хэрэгжиж байгаа. Үүнийг манай Сэлэнгэ аймаг улсын хэмжээнд хамгийн анх урьж авч ирж, аялал жуулчлалдаа жорлонг жинхэнэ системтэйгээр хийх зорилго тавьсан гэсэн. Энэ талаараа тодруулаач?

-За энэ зүйлийг би зурагтаасаа харсан юм. Бүхэл бүтэн жорлонгоо өөрчилье гэсэн ном байдаг юм билээ. Ямар аргаар барих вэ гэсэн аргуудтай. Тэгээд би тамгын даргадаа хэлээд энэ Оюунгэрэл гэдэг хүнтэй, энэ ТББ-тай холбогдоочээ гэж урьсан. Тэд урилгаар ирээд манай аймгийн гол төлөв үйлчилгээний байгууллагуудынхан, аялал жуулчлалын салбарынханд аймагтай нийлээд сургалт зохион байгуулсан.  Тэр хүмүүсийн ярьж байгаа нэг зүйл бол бид 10 сая төгрөг байхад найман саяыг нь жорлондоо зарцуулаад, хоёрыг нь үйл ажиллагаандаа өгдөг бол тэднийхээр гурван саяыг нь жорлондоо зарцуулаад долоон саяыг нь урт хугацаанд хэрхэн нойлоо авч явах, ашиглах зүйлд гол менежмэнтээ төлөвлөх юм байна лээ. Бусад аймгуудын алдсан алдааг хүртэл бидэнд дурьдаж өгч байсан. Үүнийг би аялал жуулчлалтайгаа холбоод, иргэдийнхээ эрүүл мэндтэй холбож ойлгож байгаа. Зөв хийснээр гэр хорооллын айлуудад гэдэсний савханцар 70 хувь буурсан гэж Хөвсгөл аймгийн туршлагыг ярьж байсан. Эднийх гэдэсний халдварт өвчингүй аймаг болно гэж зарласан гэсэн. Ингэхээр жорлонгийн асуудал хүнд мэдэгдэхгүй хирнээ ямар их эрүүл мэндэд хор хөнөөлтэй байдаг гэдгийг ойлгосон учраас энэ ТББ-тай хамтарч ажиллахаар шийдсэн. Бид иргэдийнхээ нойлын асуудлыг шийдэх, энэ талын ойлголтыг иргэдэд зөв өгч, сурталчилгааг сайн хийх л чухал гэж бодож байна.        

Холбоотой мэдээ