Шинээр тохижуулсан палеонтологийн танхимд зочлоорой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-06 09:48:55

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төв ховор үзмэрт тооцогддог  палеонтологийн танхимаа бүрэн шинэчиллээ.

Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлийг харуулсан  тус  танхимыг Монголын Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа тэргүүтэй Сэргээн засварлалт, үзмэр үзүүллэг үзэсгэлэн дэглэлтийн албаны баг 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 03-ныг хүртэл өөрсдийн материал, хэрэглэгдэхүүнд тулгуурлаж, авьяас ур чадвараа дайчлан, шинэчлэн  засварласан юм.


Музейн танхимд зочилсон хүн бүр дэлхий, сав шимийн ертөнц хэрхэн үүссэн тухай, он тооллын цадиг, тухайн цаг үеийн хурдас чулуулагт хадгалагдан үлдсэн амьтан ургамлын үлдэгдлүүдийн талаарх мэдлэг мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр  сонирхон үзэж болох юм.

Үлэг гүрвэлийн төв музейн ажилтнууд  орон нутгийг зорьж хөдөөгийн музейд  ажилласан анхны бүтээн байгуулалтын ажил нь энэ бөгөөд цаашдаа музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг мэдээлэл түгээх, түүх археологи, палеонтологийн чиглэлээр судалгаа хийх, эрдэм шинжилгээ, үзүүллэг дэглэлт, хайгуул судалгааны хамтарсан ажил хийх болно хэмээн хамтарсан багийнхан мэдээлэв.

Анх 1949 онд аймгийн орон нутаг судлах кабинет Сайншандад албан ёсоор буй болж үзмэрийн сангаа олон нийтэд дэлгэснээс хойш жилээс жилд баяжуулан өдгөө  зургаан танхимд нийт 6000 гаруй үзмэр дэлгэн тавьдаг болжээ.

Холбоотой мэдээ