“Зорилтот өрхийн хөгжлийг дэмжих аймгийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-08 22:16:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга аймаг, орон нутгийнхаа онцлог, хүн амын амьдралын хэв маяг, хэрэгцээ шаардлага, эрүүл мэнд, боловсролын түвшинд нийцсэн “Зорилтот өрхийн хөгжлийг дэмжих аймгийн хөтөлбөр”-ийг боловсруулан, баталж, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 1667 өрхийн амьжиргааг дэмжин, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтыг ирэх онд дэвшүүллээ.

Аймгийн нийт өрхийн 18.5 хувь нь ядуу, нэн ядуу, түүний 47.8 хувь буюу 1667 өрхийн 7121 хүн ямар нэгэн орлогогүй зөвхөн хүүхдийн мөнгө болон халамжийн хүнс, тэжээлийн дэмжлэгээр амьдарч байгаа аж.

2018 онд амьжиргаа дэмжихээр сонгосон 351 өрхөөс 234 өрхийн 266 иргэнийг түр ажлын байранд, 74 иргэнийг байнгын ажлын байранд зуучлан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон бусад төсөл хөтөлбөрт 47 иргэн,  мэргэжил олгох, хөдөлмөрт бэлтгэх, нөлөөллийн сургалтанд 417 иргэн, нийгмийн халамжийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээнд 103 иргэнийг тус тус хамруулан амьжиргаанд нь дэмжлэг үзүүлэн ажилласанаар 285 өрхийн амжиргаа дээшилж тодорхой хэмжээний өөрчлөлт орсон гэж аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн газраас дүгнэж байна.

Тус аймагт нийгмийн халамж, хамгааллын талаар авсан арга хэмжээний дүнд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн нийт өрхөд эзлэх хувь 16,7 хувьд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,5 пунктээр буурсан гэж үзжээ.

Холбоотой мэдээ