Олон улсын Уулын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-12-11 11:54:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2002 онд хуралдсан чуулганаар жил бүрийн 12-р сарын 11-ний өдрийг Олон улсын уулын өдөр болгон тунхаглан зарласан юм.

Дэлхий даяар энэ өдрийг жил бүр тэмдэглэж ирэхдээ гол зорилго нь уул, устай газар нутагт байгаль орчноо хамгаалах,  тогтвортой хөгжлийг хангахад олон нийтийн анхаарлыг хандуулан татахад оршиж жил бүр өөр өөр урианд дор зохион байгуулан өнгөрүүлдэг юм.


Дэлхийн хуурай газрын 22 хувийг уул болон уулархаг газар нутаг эзэлж, нийт хүн амын 12 хувь нь уул болон уулархаг газар нутагт амьдардаг байна. Дэлхийн олон улс орон, үндэстэн уул усаа шүтэн хайрлаж, улс орон бүр өөр өөрийн онцлог хэв маягтайгаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм.


Тухайлбал, Япон улс гэхэд 2014 онд “Уулын өдөр”-тэй болох шийдвэр гаргаж жил бүрийн 8-р сарын 11-ний өдрийг Японы уулын өдөр болгон 2016 оноос эхлэн тэмдэглэж ирэн, ууланд гарч аялар зэргээр бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ.

Энэ өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8,611 м/ ууланд энэ онд амжилттай авиралт хийж гарсныг дурдахад таатай байна.

Б.Болд

Холбоотой мэдээ