Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хүүхдүүд эссэ бичиж өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-16 18:50:24


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газраас ЕБС-ийн сурагчдын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх, нийгэмд хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг хүргэх зорилгоор тэдний дунд төрөл бүрийн уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг байна. Тэгвэл энэ удаад гэр бүлийн хүчирхийлэл гэж юу болох, хүчирхийлэлтэй орчинд  өссөн хүүхдийн хөгжил төлөвшил, ирээдүйн амьдралд ямар сөрөг нөлөө бий болох, гэр бүлийн орчинд хүүхдийг хүчирхийллээс ангид байлгахын тулд томчууд юу хийх  ёстой вэ гэх мэт асуудал дэвшүүлсэн эссэ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зохион явуулж, өчигдөр дүнгээ гаргасан байна.


Тус эссэ бичлэгийн уралдааны 1-р байранд Улаангом сумын Ерөнхий боловсролын Тавдугаар сургуулийн сурагч Б.Ариунзаяа тэргүүн байр, Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн сурагч Д.Энхчимэг, Ерөнхий боловсролын 3-р сургуулийн сурагч Б.Удвал нар удаах байруудыг эзэлсэн байна. Тэдний хувьд өнөөгийн нийгэмд  гэр бүлийн хүчирхийлэл түгээмэл байгаа ч үүнийг хүмүүс энгийн зүйл мэт ойлгох болсон, мөн гэр бүлийн хүчирхийллийн гол хохирогч нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг нь  харамсалтай, хамгийн гол нь хүчирхийлэлтэй орчин хүүхдийн сурлага төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхийн дээр ирээдүйд магадгүй хэн нэгнийг хүчирхийлэгч болон төлөвших эх суурийг тавьж байна зэрэг санааг эссэндээ тусгажээ.

“Эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийн  эссэнд илэрхийлсэн агуулгаас харахад хүүхэд багачууд гэр бүлийн хүчирхийлийн асуудалд санаа зовниж явдаг, энэ талаарх мэдээлэл ойлголт өргөнтэй байгааг харуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэн хэрэгжиж эхэлсэн ч Увс аймагт жил ирэх тусам хүчирхийллийн чанартай гэмт хэрэг зөрчил гарсаар байгаа. Тухайлбал, 2018 он гарсаар аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 18 хүн хохирсон гэсэн урьдчилсан мэдээ байна” хэмээн аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Эрдэнэбаяр хэллээ.

 

Холбоотой мэдээ