Өвөрхангайн Тэнүүн-Өлзий баг, Хэнтийн багийг нэмэлт цагт хожлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-12-14 13:23:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний лигийн МҮЭСТО-нд эхний тойргийн тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр орой гайхалтай хоёр тоглолт боллоо.


Эхний тоглолт Өвөрхангайн Тэнүүн-Өлзий болон Хэнтий аймгийн багуудын хооронд болж тоглолтын эхнээс л Тэнүүн-Өлзийчүүд багийн төвийн тоглогч ОУХМ Д.Дэлгэрням гайхалтай тоглолтыг үзүүлж баг нь ч эхний хагасыг оноогоор илүү дуусгаж чадсан юм. Харин ямар ч багт амархан бууж өгдөггүй Хэнтийчүүд шийдвэрлэх мөчүүдэд гайхалтай байж үндсэн цагт  92:92 дээр оноог тэнцүүлсэн. Нэмэлт үеийн эцсийн мөчид 104:103-аар Өвөрхангайн Тэнүүн-Өлзий баг хожлоо. Хэнтийчүүд сүүлийн хоёр тоглолтондоо хүчтэй өрсөлдөгч Өвөрхангай болон Ховд багуудтай нэмэлт үе сунгасан ч хоёуланд нь ялагдлаа. Энэ тоглолтод  ОУХМ Д.Дэлгэрням 33 оноо, 10 самбар авч багаа манлайлсан бол эсрэг багаас Н.Шижирбат мөн 33 оноог авч гайхалтай тоглолтыг үзүүлжээ.


MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн үзүүштэй нэгэн тоглолт Т.Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид болон Занаагийн Баясгалан эзэнтэй Сүхбаатар Альянс-Тех багуудын хооронд болов. Тоглолтын эхлэлийг Сүхбаатар аймаг гайхалтай хийж эхний зургаан минутад ердөө 5 оноог эсрэг багтаа алдсан юм. Ингээд эхний үе 29:19-өөр өндөрлөсөн бол эхний хагас 50:34-өөр Сүхбаатар Альянс Тех багийн илүүрхэл дор өндөрлөв. Гэхдээ хоёрдугаар үед оноо бага багаар ойртсоор байв.


Сүхбаатар багийн хувьд дөрөвдүгээр эхлээд л төвийн тоглогч С.Эрдэнэдалай зургаан алдаатай болж тоглолтыг чөлөөлсөн нь хожигдох гол шалтгаануудын нэг байсан юм. Ингээд ОУХМ Ц.Азбаяр хэрэгтэй үед дараалсан таван оноог авсан нь тоглолтыг аваргуудын талд эргүүлж 91:84-өөр Архангай Алтан Дорнодын Дайчид  баг хожлоо. Тус тоглолтод О.Энхбаатар 33 оноо, 16 авч гайхалтай тоглосон бол Сүхбаатар аймаг багаараа жигд тоглолт үзүүлэв.

Холбоотой мэдээ