Х.Баттулга: Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхэд Монгол-Солонгосын залуу энтрепренёрууд хувь нэмрээ оруулах цаг иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2018-12-15 17:26:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран зохион байгуулсан “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо.


Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, “БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Монгол Солонгосын эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн тэлэх, хөгжүүлэх талаар ярилцаж байсан санаануудаас маань өнөөдөр нэг нь хэрэгжих алхмаа эхлүүлж Залуу энтрепренёруудын уулзалт Улаанбаатарт болж, зөвлөлдөж байгаад би баяртай байна. Хоёр орны уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах, шинэ эрч хүчийг авчрахад залуус их зүйлийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг шинэ хүмүүс л хийдэг. Залуус бол шинэчлэлийн хөдөлгөгч хүч нь байдаг. Эрчимтэй өөрчлөгдөж байгаа дэлхийн хөгжлөөс хоцрогдон хойш сууж буй Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх, орчин цагийн хэмнэлд оруулахад Монгол-Солонгосын залуу энтрепренёрууд өөрсдийн хувь нэмрийг оруулах цаг тулж иржээ. Хараад, шүүмжлээд суух нь залуу хүмүүст дэндүү хангалтгүй байдаг. Та нар өөрчлөхгүй бол юмс өөрөө аяндаа өөрчлөгдөнө гэж байхгүйг ойлгох хэрэгтэй. Тиймээс залуу хүнд зайлшгүй байдаг чухал чанар болох өөрчлөлт, эрс шинэчлэлтэд тэмүүлэх чанараа улс орныхоо хөгжлийн төлөө, үндэстнийхээ сайн сайхны төлөө ашиглаарай гэж та бүхнээс хүсье” гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд ОХУ-ын Владивосток хотноо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа хоёр улсын иргэдийн харилцаа өндөр түвшинд хүрч, солонгос хэлээр ярьдаг 100 мянга гаруй монгол хүн байгаагаас гадна тухайн улсад ажиллаж, амьдардаг 40 гаруй мянган хүн байгаа нь хамтарч ажиллахад боловсон хүчний асуудал тулгарахгүй талаар ярилцаж, санал солилцсон талаараа танилцуулсан юм. Улмаар талууд экспортод чиглэсэн бизнес хамтарч хийх боломжийг нэмэгдүүлэхийн тулд энэ удаагийн зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт ямар бодлого баримталж байгаа талаараа танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд Монгол, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцож, илтгэл тавин, илтгэлийнхээ хүрээнд ярилцсан юм.


Зөвлөгөөнд “Kakao Mobility” компанийн Гүйцэтгэх захирал John Joohwan Jung, “Tmon” компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Daniel Hyunsung Shin, БНСУ-ын Хөдөө, орон нутгийн хөгжлийн хэлтсийн Хамгаалалттай газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн судалгааны төвийн тэргүүн Kang Jin Lee, БНСУ-ын Хөрөнгө оруулагчдын түншлэлийн гүйцэтгэх захирал Jonghyun Kim, “Талын эзэн” компанийн үүсгэн байгуулагч С.Сайханбаяр, “Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч С.Очир-Эрдэнэ, “Karvuon” компанийн үүсгэн байгуулагч Б.Манлай, “Тэнгэр Капитал” үнэт цаасны компанийн дэд захирал Б.Дөлгөөн нар үндсэн илтгэгчээр оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Холбоотой мэдээ