Хүүхдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх сургагч багш бэлтгэв

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-12-18 08:11:43

Ховд/МОНЦАМЭ/“Үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд боловсрол, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд үерийн гамшгийн эрсдэлийг бууруулах, үерийн гамшигт өртсөн хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадвар олгох зорилгоор “Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад Ховд, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, эмч, эрүүл мэндийн багш, багийн нийгмийн ажилтнуудын төлөөлөл 50 гаруй хүн оролцсон байна.

Сургалтын хүрээнд Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрийн Хүүхэд хамгаалал төслийн ажилтан Э.Оюунмаа, Э.Дуламсүрэн нар “Насанд хүрэгчдээс хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж”, “Хүүхдээс хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн анхны тусламж” гэсэн хоёр үндсэн чиглэлээр мэдээлэл хийж, гамшгийн үед хүүхэдтэй харилцах зарчим, сэтгэлийн зовууртай хүүхэдтэй анхны холбоо тогтоох аргачлал, хямралд үзүүлэх хүүхдийн хариу үйлдэл, бие биенээ дэмжих буюу харах, сонсох, холбох зарчим, анхаарах асуудлуудын талаар санал солилцов. Тус сургалтын үр дүнд бэлтгэгдсэн багш нар үе тэнгийн дэмжигч хүүхэд бэлтгэх “Би найзаа дэмжинэ” сургалт, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх юм.

Холбоотой мэдээ