ХОВД: Шилдэг эмч, мэргэжилтнийг урамшуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтыг долоодугаар сарын 24-нд зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтаар эрүүл мэндийн салбарт ирэх жилүүдэд хэрэгжүүлэх ажил, цаашдын бодлого, зорилтын талаар мэдээлэл солилцсон юм.
Тухайлбал, чадварлаг эмч, мэргэжилтнийг урамшуулах журмын хүрээнд жилд хоёр байгууллагын хамт олон, 21 эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнийг 30 хүртэлх сая төгрөгөөр урамшуулж, үүнд 650 сая төгрөг төсөвлөхөөр шийдвэрлэв.
Мөн эмнэлгийн орчин нөхцөлийг сайжруулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай тоног төхөөрөмж авах асуудлыг шат дараатай шийдвэрлэхэд анхаарна гэдгээ Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа илэрхийллээ.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн 114 байгууллага 1565 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Энэ онд Ховд аймагт Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна.