Хүмүүнлэгийн ордонтой болох зорилт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-12-18 22:48:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Улаан загалмайн хороо үйл ажиллагаагаараа улсын хэмжээнд нэгдүгээр байрт шалгарсан байна.

Тус хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг Улаан загалмайн удирдах зөвлөл авч хэлэлцэв.  Хороо 2018 онд Баянхонгор аймгийн бүх сумдад хүрч ажиллахдаа 265 сая төгрөгийн тусламж дэмжлэгийг зорилтот бүлэгт хүргэж ажиллажээ. 

Өнөөдрийн байдлаар аймгийн Улаан загалмайн хороонд гишүүнчлэлтэй 45 байгууллага, онцгой гишүүн 81 бүртгэлтэй байгаа аж. Тус гишүүнчлэлтэй байгууллагын албан хаагчид хүмүүнлэгийн сайн үйлсэд зориулан цалингаасаа жилдээ нэг удаа 6000 төгрөг суутгуулах журамтай ч журмын хэрэгжилт маш хангалтгүй байгааг зөвлөлийн гишүүд шүүмжилж, ирэх жилээс тус гишүүн байгууллагуудын удирдлагуудын үйл ажиллагааг дүгнэх үзүүлэлтэнд оруулан Засаг даргатай байгуулах гэрээнд нэмэлтээр оруулж өгөхөөр  санал нэгдсэн юм.

Улаан загалмайн аймгийн салбар одоогоор дөрвөн хүний бүрэлдэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. М.Мөнгөнцэцэг даргатай тус хамт олон 2017 онд Баянхонгор аймгийн Улаан загалмайн хороог  27 сая төгрөгийн өртэй хүлээж авч байжээ. Улмаар аймаг орон нутгаас тус хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, сайжруулах үүднээс мөн өрийг барагдуулж, УАЗ Фургон маркын авто машиныг шийдвэрлэн олгосон зэргээр төрийн зүгээс дэмжлэгийг үзүүлсэн юм. Ингэснээр үйл ажиллагаа жигд явлуулах, хөдөө орон нутагт хүрч ажиллахад унаа тэрэггүйн хүндрэлтэй байдал үгүй болжээ.

Ирэх онд тус байгууллагын 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээндээ Хүмүүнлэгийн ордонтой болох, эрхэлсэн тодорхой ажил орлогогүй 60 хүнийг ажлын байраар хангах зэрэг томоохон зорилтуудыг тавьсан байна.

Холбоотой мэдээ