Вакцинуудыг дроноор хүргэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2018-12-19 14:53:28

ПОРТ-ВИЛА. /NHK/. Бүгд Найрамдах Вануату Улсын алслагдмал арлын эмнэлэгт нярайн вакциныг дрон ашиглан амжилттай хүргэсэн байна. Дэлхийд анх удаа дроноор вакцин хүргэсэн нь энэ ажээ. Энэ тухай НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэв.


Хүүхдийн сангийн мэдэгдэлд тэмдэглэснээр, Австрали компанийн хөгжүүлсэн дрон 40 орчим километр замыг туулан вакцинуудыг хүргэсэн бөгөөд уг сууринд зөвхөн завиар хүрэх боломжтой байжээ.


Хүүхдийн сангийн тэргүүн Генриетта Х.Форе энэ тухай хэлэхдээ, дэлхийн эрүүл мэндийн салбарт маш том шинэчлэл боллоо гэжээ.


Арлын орнуудын алслагдмал арлуудад эрүүл мэндийн амин чухал тусламжийг хүргэх нь томоохон сорилтуудын нэг байсаар ирсэн юм. Ялангуяа вакциныг сэрүүн нөхцөлд хадгалах хэрэгтэй байдаг юм байна.


Хүүхдийн сангийн төлөөлөгчийн мэдээлснээр, Вануату улсын хүүхдүүдийн 20 орчим хувь нь шаардлагатай вакцинаа хийлгэж чадаагүй байдаг ажээ. 

Холбоотой мэдээ