ИЗНН 16 жилийн ойгоо ажил хэрэгчээр тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-09 16:52:02

ИЗНН байгуулагдсаны 16 жилийн ойд зориулсан онол-практикийн бага хурал өнөөдөр Корпорейт III зочид буудлын хурлын танхимд боллоо.

Тус хурлаар Монголын улс төр, нийгмийн тогтвортой байдлыг хэлэлцсэний зэрэгцээ намын шинэчлэл, намын үйл ажиллагаанд залуучуудын оролцоо, залгамж халаа зэрэг илтгэлийг сонссон байна. Мөн ирэх УИХ сонгуульд тус нам хэрхэн оролцох, оролцоо нь ямар байх талаар харилцан санал солилцов.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, “Хүний хувьд 16 нас нь аав ээжийнхээ гараас гарч амьдралын алтан босготой золгосон, сонголтоо хийх гэж байгаа нас. Иргэн хүнээр бол үүрэг хариуцлага нэмэгдэж байна гэсэн үг. Иймд 16 жилийн ойгоо ажил хэрэгчээр тэмдэглэж, онол практикийн хурал зохион байгуулж байна. Өнөөдөр намын түвшинд гэлтгүй улс орны хэмжээнд  ИЗНН хэрхэн ямар сонголт хийх нь вэ гэдгийг анзааргатай харж байна. Иймээс гишүүд дэмжигчдээс гарах санал дүгнэлтийг цуглуулж, нэгтгэх түвшинд ярилцаж байна” гэв.

Одоогийн байдлаар тус нам АН-тай нэгдэх тухай асуудал бүрэн эцэслэгдээгүй байгаа ба тус нам дотооддоо эвсэх, нэгдэх, бие даан сонгуульд оролцох эсэхээ их хурлаараа шийдэх гэнэ. Үүний урьтал болгож ийн өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ