Иранд авсан хоригийг нэг жилээр сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-10 09:57:22

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иранд авсан хориг арга хэмжээг дахин нэг жилээр сунгажээ. Энэ тухай түүний Конгресст илгээсэн мэдэгдэлд дурдсан байна.

Цагаан ордны хэвлэлийн албаны нийтэлсэн уг мэдэгдэлд Обама Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар байгуулсан гэрээний талаар, мөн гэрээнд хүлээсэн үүргээ Иран биелүүлж байгаа болохыг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг 2016 онд нотолсныг дурджээ.

“Гэсэн хэдий ч Ираны Засгийн газрын тодорхой үйл ажиллагаа болон шийдвэр нь бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа бөгөөд үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого болон эдийн засагт онцгой аюул учруулсан хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор тус улсад урьд нь авсан хориг арга хэмжээг зайлшгүй сунгах шийдвэрийг гаргалаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.

Обамагийн шийдвэрээр хоригийг дахин нэг жилээр сунгасан байна.

Хэдийгээр цөмийн зэвсэгтэй болохгүй гэсэн гэрээ байгуулсан ч Тегераны явуулж буй бодлого бүхэлдээ сэтгэл түгшээж байгааг Вашингтоны эрх баригчид нэг бус удаа цохон тэмдэглэсэн. Тухайлбал, энд хүний эрхийг сахин мөрдөх асуудал болон баллистик пуужин бүтээх хөтөлбөрийн тухай яригдаж байгаа юм.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ