МОНГОЛ УЛС-2018 ОНД

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
ariunbold@montsame.gov.mn
2018-12-26 13:01:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Монгол Улсад 2018 онд болж өнгөрсөн онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.

1. Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг өргөтгөх санал гаргав


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан, Швейцарь улсын Женев хотноо болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зэрэг олон улсын дөрвөн томоохон чуулга уулзалтад оролцож, Монгол Улсаас дэвшүүлж буй хэд хэдэн санал, санаачилгыг танилцууллаа.

Тухайлбал, энэ оны есдүгээр сарын 11-13-нд Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулган болон аравдугаар сарын 18-19-нд Белги улсын Брюссель хотноо болсон Ази, Европын дээд түвшний (АСЕМ) 12 дугаар уулзалтад оролцох үедээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулах саналаа танилцуулав.


2.      Ерөнхий сайд БНСУ, БНХАУ, АНУ, Японд айлчлав



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд дөрвөн улсад албан ёсны айлчлал хийж, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх томоохон гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан юм.

Тодруулбал, нэгдүгээр сарын 15-17-нд БНСУ-д албан ёсны айлчлал хийж, ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд тус улсаас олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан бол дөрөвдүгээр сарын 08-12-нд БНХАУ-д айлчлал хийхдээ Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд зориулж  300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиров. Түүнчлэн Ерөнхий сайд энэ оны есдүгээр сард АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсаас Монгол Улсад олгож буй 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурснаас гадна 12 дугаар сарын 12-15-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийж, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн 2 дахь шатны санхүүжилтийг авахаар тохирч бүтээн байгуулалтад зарцуулахаар боллоо.


3.      Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ


Монголчуудын өмнө тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болох  Газрын тос боловсруулах үйлдвэр, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалт энэ онд эхэлж, Яармагийн шинэ гүүр ашиглалтад орлоо.

БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажил энэ оны зургадугаар сарын 22-нд эхэллээ. Тамсагийн орд газраас жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулан дотоодын шатахууны хэрэгцээний 30 хувийг дангаар хангах хүчин чадалтай энэхүү үйлдвэр 2022 онд ашиглалтад орох юм.

БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилгын ажил дуусч, энэ оны 11 дүгээр сарын 02-нд ашиглалтад оров. Түүнчлэн БНХАУ-ын 42.3 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барих төслийн бүтээн байгуулалт энэ оны зургадугаар сард эхлэв.

Дээрх бүтээн байгуулалтууд амжилттай хэрэгжсэнээр шатахууны хэрэгцээний тодорхой хувийг дотоодоос хангах замаар өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зэрэг боломж бүрдэх юм.


4.  Б.Гангаамаа К2 уулын оргилд хөл тавилаа


Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Бадамгаравын Гангаамаа энэ оны долдугаар сарын 21-нд дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийж батламжаа гардлаа. Дэлхийн хамгийн их эрсдэлтэй "Үхлийн уул" хэмээгддэг К2 уулын оргилд хүрэх гэсэн Монголын шилдэг уулчдын гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилтын эзнээр Б.Гангаамаа тодорлоо.

Италийн уулчин Ахиль Компаноьори ба Лино Ласедели нар 1954 онд анх K2 уулын оргилд хөл тавьснаас хойш 337 уулчин тус оргилд гарсан бол 84 уулчин авиралт хийх явцдаа осолдож амиа алдаж байжээ.

 

5.  Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 50 орны төлөөлөгч туршлага солилцов


Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 03-06-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын  II бага хуралд 50 улс орон, олон улсын болон ТББ-ын 3000 гаруй  төлөөлөгч оролцлоо.

Бага хуралд оролцогч улс орнууд гамшгаас хамгаалах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааныхаа ололт, амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэн, “Улаанбаатарын тунхаглал”, “Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”, “Оролцогч талуудын мэдэгдэл” зэрэг баримт бичгийг батлав.

Дээрх бичиг баримтуудын хүрээнд 2020 он гэхэд бүх улс орнууд гамшгийн эрсдлийг бууруулах стратеги, төлөвлөгөөг батлах, гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийн хяналтыг явуулах институтын чадавхыг бий болгох үүрэг хүлээж буй юм.

 

6.      Дэлхийд үнэлэгдсэн Монгол авьяастнууд


Монголын урлагийн олон авьяастнууд дэлхийд үнэлэгдэж Монгол хүний авьяас билгийг дэлхийн энгээр гайхуулж, бахархуулж байгаагийн тод жишээ бол Гавъяат жүжигчин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар билээ. Тэдний араас дэлхийн сонгодог урлагт нэрээ мөнхөлж буй оддоор Ч.Бадрал, Э.Анхбаяр нар тодорч байна.

Баритон Ч.Бадралын хувьд энэ оны долдугаар сард Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулсан “CHIGIANA international competition 2018” дуурийн дуулаачдын “А” зэрэглэлийн тэмцээний Тэргүүн байр “Golden Star-2018” шагналыг хүртсэн юм. Орон орны 1870 дуучин өрсөлдсөн энэхүү тэмцээний тэргүүн байрын шагналыг 12 мянган евро дагалдсанаас гадна болон тухайн сардаа Италийн “Sferisterio di Macerata” задгай театрт тавигдсан Ж.Вердийн "Травиата" дуурьт Альфредын эцэг Жорж Жермонд тоглох эрхийг авав.

Харин Э.Анхбаяр энэ оны арванхоёрдугаар сарын 13-19-нд болсон Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдааны дуурь болон романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж хоёуланд нь тэргүүн байр эзэллээ.

 

 

7. С.Шойгу, Ван И, Ри Ён Хо нар Монголд


Монгол Улс 2018 онд БНТУ-ын Ерөнхий сайд, ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд зэрэг олон зочныг хүлээн авсны дотор ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нарын айлчлал цар хүрээ, ач холбогдол өндөртэй байлаа.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ оны наймдугаар сарын 23-25-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, тус 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар нийслэл хотноо барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төв, 300 сая ам.долларын санхүүжилтээр барих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинээр барих төслийн явцтай танилцав.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ оны аравдугаар сарын 18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурж, цэргийн зориулалтаар зарим тусламжийг гардуулсан юм.

Түүнчлэн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо 12 дугаар сарын 08-09-нд айлчлан, орны нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтран ажиллах боломж нөхцөл, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудлаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийж, бүс нутагт энх тайвныг цогцлоох Монгол, БНАСАУ-ын тал санал нэгтэй байгаагаа батлав.

 

8.      Хар балгасын Ордон хотын худгийг нээв


ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон МУИС-ийн Археологи, антропологийн тэнхим, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хамтран 2007 оноос хамтран хэрэгжүүлж буй “Орхон” төслийн хүрээнд энэ онд VIII-IX зууны Уйгурын эзэнт гүрний нийслэл Ордубалык буюу Хар балгасын Ордон хотын худгийг нээсэн нь археологийн ховор олдворт тооцогдож байна.

VIII-IX зууны үед Ордон хотын усны хэрэгцээг хангаж байсан эртний энэхүү худаг нь эрт, дундад үеийн нүүдэлчдийн хот суурины дурсгалаас энэ төрлийн байгууламж олдож буй анхны тохиолдол болов. Худаг хамгийн багадаа 12 метр гүн байсан төдийгүй ёроол нь одоог хүртэл устайгаа байжээ. Мөн худгийн ёроолоос маш сайн хадгалагдсан нангиад бичээстэй хүрэл хонх, алтадсан төмөр цоож, гантиг чулуун арслангийн хугархай, ургамлын дүрсээр хээлсэн чий будагтай урт модон шонгийн хугархай хоёр ширхэг олдсон юм.

 

9.   Зээлжих зэрэглэл ахиж, банкны салбарын хөрөнгө 30 их наяд төгрөгт хүрлээ


Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Стандард энд Пүүрс (S&P) агентлагаас  2018 оны 11-р сарын 9-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүллээ.

Мөн тус агентлагаас Монгол Улсын "шилжүүлэх ба хөрвөх чадварын" үнэлгээг "В” байсныг “В+” болгон нэмэгдүүлж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В” хэвээр хадгаллаа. Үүнд Монголын санхүүгийн зах зээлийн хөгжил голлох нөлөө үзүүлжээ. Тодруулбал, Монголын банкны салбарын нийт хөрөнгө анх удаа 30 их наяд төгрөгийн босго давсан байна. Энэ онд Монголын таван банк 140 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмсний дотор ХААН банкны актив хөрөнгө 8  их наяд төгрөгт хүрсэн юм.

Нөгөөтэйгүүр 2015 онд 1.2 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байсан Монголын хөрөнгийн зах зээлд энэ онд “ЛэндМН” ББСБ, “Монгол базальт”, “Ард даатгал”, “Мандал даатгал” зэрэг компани IPO гаргаснаар үнэлгээ өсч 2 их наяд 398 тэрбум төгрөгт хүрчээ.

Дашрамд дурдахад, УИХ, Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, IPO хийх шийдвэр энэ онд гарсан бөгөөд Засгийн газраас УУХҮЯ болон холбогдох байгууллагуудад Тавантолгойн хувьцааг Хонгконг болон Нью-Йоркийн хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах асуудлыг судлан танилцуулах чиглэл өгөөд байна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаснаар Монгол Улсад 1.5-6 тэрбум ам.долларын хөрөнгө татах боломж бүрдэнэ хэмээн үзэж буй юм.

 

10.      Монгол эмчийн чадварыг дэлхий үнэлэв


Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн энэ оны 1 дүгээр сард Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүн болж, Монгол эмчийн чадварыг дэлхийд үнэлүүлэв.

Францын мэс засалчдын академиас 1731 оноос эхлэн олгож буй Францын мэс засалчдын академийн энэхүү нэр хүндтэй шагналыг олгохдоо эх орондоо эмчилгээний шинэ арга, аргачилал нэвтрүүлсэн, олон улсад өөрийн судалгаа, эмчилгээний ололт, амжилтын таниулсан байдал зэргийг харгалзан үздэг байна. Ж.Чинбүрэн эмч 2004 оноос Францын мэс заслын арга, техникийг эх орондоо нэвтүүлж, элэг, нойр булчирхайн хавдрын мэс заслыг амжилттай хийж буй чадварлаг эмч юм.

Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүн цолыг Ази тивээс Япон Улсын элэгний мэс заслын эцэг гэгдэх Макүчи, Вьетнам Улсын Тан тунг нар өмнө нь хүртэж байжээ.


Холбоотой мэдээ