"Нүүдэлчин монгол" цомогт МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Н.Батбаярын бүтээл багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-03 10:45:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Үндэсний спортын 6 дугаар наадам", "Соёлын биет бус өвийн 12 дугаар наадам"-ыг хамтатган зохион байгуулсан "Нүүдэлчин монгол" наадмын тухай дүрс бичлэгийн хуурцагтай, гэрэл зургийн цомгийг БСШУСЯ-наас шинэ оны босгон дээр хэвлүүлжээ. Тус цомгийн гэрэл зургийн 70 гаруй хувийг МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Н.Батбаяр гүйцэтгэсэн байна.

Гэрэл зургийн чанар чансаа, зохиомж өгүүлэмж, өнгө тод, үзэмж сайтай байсан нь Н.Батбаярын бүтээлийн үнэлэмж болсон аж.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон ажлын нэг "Нүүдэлчин монгол" наадам 2018 оны 8 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Хүй долоон худагт болсон билээ. Энэхүү наадмын спорт болон соёл урлагийн салбарын шилдгүүдийг шалгаруулах анхан шатны наадамд 21 аймаг, 9 дүүргийн 2229 өв тээгч ардын авьяастан, Үндэсний спортын 6 дугаар их наадмын үе шат бүхэнд шалгарсан 7200 гаруй тамирчин оролцсон юм. 

 "Нүүдэлчин монгол" наадмын цар хүрээг улам өргөтгөж "Дэлхийн нүүдэлчдийн наадам" болгох шийдвэрийг зохион байгуулагч БСШУСЯ, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ