Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан хойшлов

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-01-03 11:07:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болох байсан ч Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж буйтай холбоотойгоор түр хойшлогдов.


Хуралдаанаар нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан 70-р тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэх байсан юм. Нийслэлийн зүгээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар цогц арга хэмжээ авч байгаагийн үр дүнд ачаалал 20 орчим хувиар буураад байгааг өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, зарим хэсгийн авто замын ашиглалтыг сайжруулж, хөдөлгөөний чигт өөрчлөлт оруулжээ. Мөн зарим замын ашиглахгүй байгаа эгнээг автозогсоол болгож, бусад зогсоолын менежментийг сайжруулаад байгаа аж. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, Энхтайваны өргөн чөлөөн дэх авто замын нэгдүгээр эгнээнд олон нийтийн цагдааг ажиллуулснаар автобус нэг буудлаас нөгөөд хүрэх хугацаа нэг дахин буурсан гэж үзжээ.


70-р тогтоолын хэрэгжилтийн явцын тайлан мэдээллийг сар тутам сонсож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад эрдэмтэн судлаач, иргэдийн саналыг тусгахаар өнгөрсөн 10-р сард улсын хэмжээнд анх удаа "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөн зохион байгуулж, зөвлөмж гаргасан юм. Зөвлөгөөний үеэр иргэд, оршин суугчид нийтийн тээврийн салбарын алдаа, оноог хэлж, холбогдох албаныхан түүний мөрөөр арга хэмжээ авч эхэлсэн. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал, зам, тээврийн ослын тоо буурч байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Тодруулга: НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 70-р тогтоолыг өнгөрсөн оны тавдугаар сард гаргасан юм.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ