Д.Лүндээжанцан 18 настай А.Золжаргалтай нүүснээр УАШТ эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-01-05 13:11:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээлд, уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Улс орон даяар оюунаа уралдуулсан 6500 гаруй шатарчнаас тэргүүлж шалгарсан 100 гаруй шатарчин энэхүү тэмцээнд оролцож байна. 

Долоодахь удаагаа болж байгаа тэмцээнийг нээж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэхдээ, “Энэ жилийн тэмцээн 2018 оны 11 дүгээр сараас эхэлж, анхан шат, хагас шигшээ тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатарч оролцлоо. Баянхонгорт 626, Завханд 387, Ховд аймагт 481 гаруй тамирчин анхан шатанд  өрсөлдсөн нь тэмцээний цар хүрээ өргөжсөний илрэл болов. Энэ тэмцээний аваргууд ирэх жил Азийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Балба улсыг зорих юм. Яг энэ өдрүүдэд БНХАУ-д болж буй шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Хэнтий аймгийн тамирчин Г.Амарсанаа, Дорноговь аймгийн тамирчин Э.Одгэрэл нар амжилттай оролцож байна. 

Зөв сэтгэх, оновчтой шийдвэр гаргах, бусдын сэтгэхүйг шинжих, тэвчээр хатуужилтай болох гэх мэт олон сайхан чанарыг шатраас олж авдаг. Тиймээс шатрын спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, монгол хүн бүрийг шатартай нөхөрлүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг юм” хэмээгээд тамирчдад амжилт хүслээ. Тэрээр Орхон аймгаас оролцож байгаа 18 настай А.Золжаргалтай эхний нүүдэл хийж, тэмцээнийг албан ёсоор эхлүүлсэн юм.

Үндсэн хуулийг батлалцаж байсан Ардын Их Хурлын депутатууд тус тэмцээнд оролцдог уламжлалыг хадгалж,  энэ удаа Ардын Их Хурлын депутат Д.Найдан, Д.Чилхаажав, В.Цамба нар өрсөлдөж байна.


Ховд аймгийн Алтай сумаас буюу 360 дугаар тойргоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Үндсэн хууль батлалцаж байсан Д.Найдан “Нутаг нутгийн шилдэг тамирчид ирж тоглодог энэ тэмцээн маш өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог. Миний хувьд зургаан удаагийн тэмцээнд оролцсон. Жилээс жилд оролцогчдын чадвар сайжирч, өрсөлдөөн ширүүн болж байна” хэмээв.

Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас оролцож байгаа тамирчин эмэгтэй М.Хэнчбиш, “Сумын аваргаас шалгараад аймгийн аваргад 20 гаруй тамирчинтай өрсөлдсөн. Өнөөдөр шигшээ тэмцээнд оролцож байгаадаа сэтгэл өндөр байна. Хоёр жилийн өмнө долдугаар байранд шалгарсан амжилтаа ахиулахыг зорино” гэв.

Шигшээ тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Швейцарь системээр найман өрөг тоглоод дүнгээ гаргах юм байна.  


Холбоотой мэдээ