Баян-Өлгий аймгийн удирдлагууд Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-09 19:59:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар өчигдөр тус аймгийн Өлгий хотод байрладаг барилга инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр тус ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэм зэвсэг техник, барилга байгууламж, сургалт бэлтгэлээ сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл өгсөн байна.

Улс орны бүтээн байгуулалтын ажил болон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй тус анги нь 2010 онд байгуулагдсан цагаасаа хойш хугацаат цэргийн байрны өргөтгөлийг барьж, соёл, спортын төв, машин техникийн агуулах зэрэг олон бүтээлч ажил хийжээ. Өөрийн анги, хамт олны ажлуудаас гадна  аймгийн хэмжээнд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажилд ч гар бие оролцож байгаа юм. Тухайлбал, Асгатын мөнгөний орд чиглэлийн 7.3 км зам, 72.8 метр төмөр бетон гүүрийн ажил, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн штабын байр, албан хаагчдын орон сууц, Алтай, Толбо, Булган сумдын болон Цагааннуур тосгоны цагдаагийн кабоны, Өлгий сумын нэгдүгээр бага сургуулийн спорт заал, Цагдаагийн газрын дэргэдэх гэр бүлийн хүчирхийллээс түр хамгаалах байр зэрэг томоохон барилга байгууламжуудыг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд барьж босгосон ажээ.

Аймгийн удирдлагууд орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж яваа Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хамт олонд талархал илэрхийлж, цаашид боломжит бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ