Дональд Трамп, Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалтыг Вьетнамд зохион байгуулах санал тавив

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-01-13 11:37:03

ТОКИО. /TASS/. Дональд Трамп, Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалтыг хоёрдугаар сарын дундуур Вьетнам улсад зохион байгуулах саналыг АНУ-ын засаг захиргаа БНАСАУ-д тавьжээ. Энэ тухай Yomiuri сонин Америк, Өмнөд Солонгос болон Япон дахь эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилсан байна. 


Эх сурвалжуудын мэдээлснээр, Пхеньян энэ саналыг одоо судалж байгаа бөгөөд тодорхой хариу өгөөгүй байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой газрын хувиар мөн Индонез, Монгол болон хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийг өмнө нь нэрлэж байсан билээ. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр, Вашингтон зөвхөн Вьетнам улсыг Пхеньянд санал болгожээ. 


АНУ-БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон юм. Уулзалтын дүнд хоёр орны удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Уг мэдэгдэлд Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад зарчмын хувьд бэлэн байгаагаа мэдэгдсэн бол АНУ үүний хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгох үүрэг хүлээсэн. Гэсэн хэдий ч талууд Сингапурын уулзалтын дүнд гаргасан мэдэгдэлд зорилтоо тодорхойлоогүй юм.


Ким Жөн Унтай хийх дараагийн уулзалт 2019 оны нэг эсвэл хоёрдугаар сард болно гэж Трамп өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлсэн билээ. 


Холбоотой мэдээ