Ахмадуудад зориулсан уламжлалт эмчилгээний сувилал нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-16 10:48:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмонгийн санаачлагаар байгуулсан “Цолмон” сангаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VIII, IX, XXV хорооны ахмадуудад зориулсан уламжлалт эмчилгээний сувиллын байрыг өчигдөр ашиглалтад өглөө. 


2500 орчим ахмадыг хамрах уламжлалт эмчилгээний сувилал нь ардын эмчилгээ, оношлогоо, хаш чулуун орны физик эмчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх юм. Дээрх сангаас мөн "Монголын Оюун ухааны академи"-тай хамтран улсын дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгааг НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон хэлэв.


Сувиллыг нээхэд, НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Б.Ундармаа, Хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр хариуцсан орлогч дарга Л.Оргил болон дээрх гурван хороонд амьдарч буй ахмадын төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээ