Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдийг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-16 12:56:48

ВАШИНГТОН. /CNBC/. Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчийн албан тушаалд “Pepsi” компанийн гүйцэтгэх захирал асан Индра Нуйи, Сангийн яамны мэргэжилтэн Дэвид Малпасс болон “Overseas Private Investment” корпорацийн гүйцэтгэх захирал Рэй Уошборн нарыг нэр дэвшүүлэхээр Цагаан ордон хэлэлцэж байна. Энэ тухай Дэлхийн банкны /ДБ/ удирдах зөвлөлийн гишүүн мэдээлэв.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп ДБ-ны ерөнхийлөгч Жим Ён Кимийн халааг авах хүмүүсийг сонгоход тусална гэж Цагаан ордны төлөөлөгч Жессика Дитто мэдэгдсэнээс хойш нэг хоногийн дараа эдгээр нэрсийг олон нийтэд зарласан юм.


И.Нуйи нь өнгөрсөн оны 10 дугаар сард “Pepsi” компанийн гүйцэтгэх захирлын суудлаас огцорсон бол Д.Малпасс нь Сангийн яамны Олон улсын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа юм. Харин Р.Уошборны хувьд 2017 оны наймдугаар сараас хойш “Overseas Private Investment” корпорацийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа юм байна.


ДБ 1946 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш АНУ тус байгууллагын ерөнхийлөгчийг уламжлал ёсоор сонгож ирсэн юм.


ДБ-ны ерөнхийлөгч Жим Ён Ким хоёрдугаар сарын 1-нээс албан тушаалаасаа огцрохоор болсон тухайгаа энэ сарын эхээр мэдэгдсэн билээ. Одоогоор тус банкны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ