Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 19.8 хувь хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-16 13:53:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.01.16/ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжлээ.

Уг тогтоолийн төсөлд, 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлийг тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна. Мөн Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамлыг хамгаалах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Мөн дээрх тогтоолыг баталснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 2.1 хувиар нэмэгдэж, улсын нийт газар нутгийн 19.8 хувьд хувийг хамарна гэдгийг дурдсан юм.

Уг тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжиж, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ