Агаарын бохирдлыг 95 хувь шүүдэг 6000 амны хаалт тараав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-17 10:48:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “Сайн Учрал сан”, Олон улсын боловсролын “Эрдэм” академи хамтран Сонгинохайрхан дүүргийн жирэмсэн, нярай хүүхэдтэй эхчүүд болон бага насны хүүхдүүдийн дунд утааны эсрэг өдөрлөг зохиолоо.

“Сайн Учрал саруул Ирээдүй” хэмээх өдөрлөгийн үеэр, 29 ам.долларын үнэ бүхий, 3M 9210 N95 маркын нийт 6000 ширхэг амны хаалтыг үнэ төлбөргүй тарааж, уушиг цэвэрлэх уламжлалт цай, дархлаа сэргээх цай бэлдмэлээр  дайлсан юм. Уг амны хаалт нь уурхайн гүнд болон хүнд үйлдвэрүүдэд ашигладаг агаарын бохирдлыг 95 хувь шүүдэг аж.

Агаарын бохирдолтой тэмцэх аргыг дор бүрнээ эрэлхийлж байгаа ч, утаагүй болох хүртэл хордон суусаар байх уу гэдэг асуудал хөндөгддөг. Тиймээс өнөөдрөөс өөрсдийгөө хамгаалах ёстой гэдгийг уриалж, энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаа тэд хэллээ. Цаашдаа байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд ийм төрлийн үйл ажиллагааг зохион байгуулаасай гэж хүсч буйгаа уламжилж байв.


Өдөрлөгийн үеэр, Нийслэлийн Өргөө амаржих газрын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, Монгол Улсын зөвлөх эмч Ш.Цэрэнсамбуу болон АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн тэнхмийн багш, Анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч, пренаталогич эмч Ш.Алтантуяа нар зөвлөгөө мэдээлэл өгч, СХД-ийн өрхийн болон нэгдсэн эмнэлгийнхэн анхан шатны үзлэг оношилгоо хийв.

Мөн өдөрлөгт эмэгтэйчүүд зонхилон оролцсон тул, уулзалт ярилцлага зохиож “Сайн Учрал сан”-гийн тэргүүн Ч.Сэлэнгэ, Эрдэм академийн захирал Б.Нарангэрэл, дуучин Ч.Уранхолбоо, “Содура” киногоороо олонд танигдсан, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл нар туршлагаа хуваалцсан юм.

Холбоотой мэдээ