Бөмбөгтэй хоккейн 2019 оны ДАШТ-д манай баг оролцох боломжгүй болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-21 14:01:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шведийн Венерсборг хотноо энэ сарын 21-нд буюу өнөөдөр 39 дэх удаагийн бөмбөгтэй хоккейн ДАШТ эхэлж байна.


Энэ жилийн ДАШТ-д нийт 20 баг оролцохоор мэдүүлгээ илгээсэн ч Беларусь, Монголын баг санхүүгийн шалтгаанаар татгалзлаа гэж зохион байгуулагчид мэдээлжээ. Манай улсын багийн оронд Сомали улсын шигшээ баг тоглохоор болжээ. Венерсбор хот 2013 онд тус тэмцээнийг хүлээн авч байлаа.


Энэ жилийн ДАШТ ОХУ-ын Эрхүү хот зохион байгуулах байсан ч тэмцээнийг битүү ордонд зохион байгуулна гэсэн амлалтаа биелүүлж чадаагүйгээс уг эрхээ алджээ. Анхны ДАШТ 1957 онд Хельсинк хотод болж, ОХУ, Финланд, Швед улсууд оролцож байжээ. Норвегийн шигшээ баг 1961 оноос нэмэгдэж, дэлхийн аваргыг 2 жилд нэг удаа явуулахаар болсон юм.


Харин 2003 оны Архангельскт болсон ДАШТ-ээс хойш жил бүр зохион байгуулдаг болсон түүхтэй. Олон улсын бөмбөгтэй хоккейн холбоо 2012 онд 29 гишүүнтэй болж, 2014 оны Сочигийн олимпийн наадмын хөтөлбөрт багтах зорилготой байсан ч ОУОХ зөвшөөрөөгүй.


Одоо тус холбоо 28 гишүүнтэй боловч Афганистан, Энэтхэг, Армен, Литва, Колумб улсууд ДАШТ-д нэг ч удаа багаа илгээгээгүй байгаа аж. 

Холбоотой мэдээ