Улсын аварга саальчин Л.Өлзийхүү зургаан хүнийг тогтмол ажлын байртай болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-22 14:30:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2-р багийн саальчин Лунхай овогтой Өлзийхүү нь мал аж ахуйн салбарт 32 жил ажиллаж байгаа бөгөөд сар шинийн босгон дээр Монгол Улсын аварга саальчин боллоо.


Түүний шагналын УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өгч баяр хүргэлээ. Л.Өлзийхүү нь 2015 онд аймгийн сайн малчнаар шалгаран шагнагдсан ба  сүүлийн 2 жилд 2146-2341 толгой мал тоолуулсан, 6 хүнийг байнгын ажлын байраар хангаж, 280 гаруй мал болон 3,5 сая төгрөгөөр цалинжуулсан байна. Мөн  саалийн хугацаанд нэг ямаанаас 65 л сүү, нэг хониноос 12 л сүү, үнээнээс 201 л сүү нийт 82977-96466 л сүү сааж цагаан идээ үйлдвэрлэсэн байна. Нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг тогтмол төлдөг, малын индексжүүлсэн даатгалд 114-131 толгой үхрийг даатгуулсан ажээ.


Улсын аварга малчин Я.Баасандорж мал сүргийнхээ үүлдэр, чанарт анхаарч иржээ


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл  сумын Сүүл Улаан багийн малчин Ямпил овогтой Баасандорж нь  хөдөө аж ахуйн салбарт 26 жил ажиллаж байгаа хоймор нутгийн  шилдэг тэргүүний малчдын нэг юм. Тэрээр Монгол Улсын аварга малчин хэмээх алдрыг хүртэж  түүний шагнал Монгол Улсын аварга малчны Таван хошуу малын мөнгөн дүрс бүхий цом, өргөмжлөлийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардууллаа.


 Я.Баасандорж нь 2015 онд аймгийн сайн малчин, 2017 онд алтан төлийн эзнээр шалгаран шагнагдсан бөгөөд жил бүр 1 хүнийг байнгын, 14 хүнийг түр ажлын байраар ханган  ажиллаж байна. Сүүлийн 3 жилд 1033-1942 толгой мал тоолуулж цөөн малтай буюу малгүй өрхүүдийг малжуулах зорилгоор 337 толгой малыг өгчээ. Улсын аварга малчин Я.Баасандорж “Сүргийн тооны хувьд бус таваарлаг чанарыг анхааран ажиллаж Дархад үүлдрийн ууцан сүүлт хонь, Эрчим үүлдрийн хар ямаа, Дархадын цагаан адуу, Гал-шар үүлдрийн адуу, Хогоргын Монгол үхэр, Сэлэнгэ үүлдрийн үхрээр мал сүргээ сайжруулан үржилд ашиглаж, жил бүр 10-18 тн байгалийн хадлан бэлтгэж өвлийг өнөтэй давж байна. Энэ хүндтэй шагналын эзэн болоход өнөөдрийг хүртэл .туслаж дэмжиж  байсан нутгийн ахан дүүс Тосонцэнгэлчүүддээ маш их баярлалаа” гэдгийг хэлж байлаа.


Улсын аварга малчин  Д.Ганбаатар сүүлийн гурван жилд цөөн малтай өрхөд 146 толгой мал олгожээ



Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн малчин Даваажанцан овогтой Ганбаатар нь мал аж ахуйн салбарт сүүлийн 25 жил тасралтгүй малчнаар ажиллаж байгаа юм. Тэрээр сар шинийн босгон дээр Монгол Улсын аварга малчин  цол хүртэж түүний шагналыг  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан малчны хотонд  гардуулан өглөө.


Д.Ганбаатар нь 2016 онд аймгийн аварга малчнаар шалгарч байсан бөгөөд болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор байгалийн хадлан, хужир шүү, хүчит тэжээл 20-30 тн-ыг бэлтгэн нөөцлөхөөс гадна мал сүргээ зун, намрын улиралд отроор таргалуулан өвөл, хаврын бэлчээр нутгийг хуваарьтай ашигладаг гэдгээ хэлж байв. Монгол Улсын аварга малчин  Д.Ганбаатар мал аж ахуйн салбарт 25 жил ажиллахдаа нутгийн иргэдийг ажлын байраар хангах, цөөн малтай өрхийг малжуулахад ихээхэн анхаарч сүүлийн 3 жилд 146 толгой мал олгосноос гадна 7-10 хүнийг түр ажлын байраар хангаж, 1 хүнийг байнгын ажлын байртай болгож, нийгмийнболон эрүүл мэндийн даатгалд хамруулж иржээ. 

Холбоотой мэдээ