Нөхөн сонгуулийг ирэх сарын 10-наас эхлүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-29 18:16:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох болон зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэж, дэмжлээ.

Сонгуулийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг ирэх сарын 10-ны өдрөөс эхлүүлж, санал авах ажиллагааг зургадугаар сарын 30-нд явуулахаар тогтоолд тусгажээ. Харин зардлын хэмжээг 287 сая 614 мянга 335 төгрөгөөр тогтоож, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тусгасан байна. Энэхүү тогтоолыг УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган хаахаас өмнө батлуулах хүсэлтэй байгаагаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга энэ оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт өнгөрсөн оны 10 дугаар сард нөхөн сонгуулийн санал авах өдрийг тогтоосон 62 дугаар тогтоолыг баталсан ч Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон юм. Учир нь нөхөн сонгуульд төрийн албан хаагч нэр дэвших боломжийг хязгаарласан хэмээн иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 62 дугаар тогтоол нь “шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, “Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно”,  “Төрийн байгууллагад сонгогдох эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзсэн юм. Тиймээс УИХ сарын 18-нд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөрчилтэй байсан заалтуудыг Үндсэн хуульд нийцүүлснийг мөн Сонгуулийн ерөнхий хорооны дарга танилцуулгадаа дурдлаа.

Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал болон “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.

Холбоотой мэдээ