“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хаалтын ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-30 20:15:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр зорилтот жилийн ажилд идэвх санаачилгатай оролцсон сум, баг, байгууллага, багш нар, эцэг эхчүүдийг шагнан урамшуулсан юм.

Бат-Өлзий сумын иргэн Ө.Мэндбаяр, Г.Чингис, Нарийнтээл сумын иргэн Д.Данаасүрэн, Хархорин сумын иргэн П.Хатанболд, Арвайхээр сумын 10 дугаар багийн иргэн Б.Батмөнх, 3 дугаар багийн иргэн Д.Жаргал, 7 дугаар багийн иргэн Н.Энхжаргал, 12 дугаар багийн иргэн Б.Бямбасүрэн, Ж.Энхжаргал, Төгрөг сумын иргэн Н.Мөнхзориг нарын гэр бүл "Шилдэг гэр бүл"-ээр шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэлэхдээ: Хөрөнгө санхүү нь байвал бүтээн байгуулалт хийж болно. Харин Монголчуудын хэлдгээр “хүнээр хүн хийх ухаан” сүүлийн жилүүдэд алдагдаж, анхаарал  хандуулах зайлшгүй асуудлын нэг болоод байна. Хүн бүр үр хүүхдээ сайн сайхан амьдраасай, зөв замаар яваасай гэж хүсдэг учраас энэ чиглэлд нийт иргэдийнхээ анхаарлыг хандуулсан жил байлаа. Цаашдаа энэ ололт, амжилтандаа түшиглээд илүү ихийг хийж бүтээх болно” гэсэн юм.

Аймгийн ИТХ-аас 2018 онд зарласан “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд, аймгийн нийт хөрөнгө оруулалт болох 30 тэрбум төгрөгийн 80 орчим хувийг хүүхдийн хөгжил, хамгаалал руу чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулан 5 зорилт, 57 арга хэмжээг 92.4 хувьтай хэрэгжүүлжээ.  

Холбоотой мэдээ