Аймгийн аварга малчин В.Шагдар тэмээн сүргээ өсгөхөд голлон анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-31 12:26:11

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн малчин Ванягийн Шагдар “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн босгон дээр “Аймгийн аварга малчин” цол, тэмдгээр шагнууллаа.

1992 оноос эцэг, эхийг даган мал маллаж эхэлсэн тэрбээр сүүлийн үед  тоо толгой нь эрс цөөрч байгаа тэмээн сүргийг өсгөхөд голлон анхаарч, Өмнөговь аймгийн Хэцийн хүрэн буураар үүлдэр угсааг нь сайжруулан өдгөө 129 толгой тэмээг өсгөн үржүүлж байна. Түүнчлэн таван хошуу малынх тоо 1000 гаргаад байгаа ба малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэн  цөм сүрэг бүрдүүлэн ажилласны үр дүнд нийт малынхаа 70 хувийн үүлдэр угсааг сайжруулж, “Сумын сайн малчин”, “Сумын аварга тэмээчин”-ээр гурван удаа шалгарчээ.

Малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд багагүй амжилт үзүүлж, захиалгаар сур, суран бүтээгдэхүүн, айрагны хөхүүр хийж борлуулдаг ба эхнэр М.Мөнхцэцэг нь сүү, ингэний хоормогоор төрөл бүрийн ааруул, цагаан идээ боловсруулж аймгийнхаа төдийгүй хөрш аймгуудын зэргэлдээх сумдын иргэдэд борлуулж хэвшээд байна. Өлзийт сумаас энэ жил “Улсын аварга малчин” 1, “Аймгийн аварга малчин” 4, “Сумын аварга малчин” 8 төржээ.

Холбоотой мэдээ