Орон нутагт интернэтийн хурд 3,4 дахин нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-03-15 14:35:22

Өнөөдөр буюу 2016 оны гуравдугаар сарын 15-наас орон нутагт интернетийг “Ижил үнэ-Тэгш хурд”-аар өгөх боломж бүрдлээ.

"Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК орон нутгийн өгөгдлийн сүлжээнд өргөтгөл хийж, аймаг бүрт 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжийг бий болгох ажлыг шат дараатай гүйцэтгэн, 16 аймгийн төвийг холбожээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  “Шийдлийн цаг”-аар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт ажиллах үеэрээ интернэтийн үйлчилгээг ижил, үнэ тарифаар хүргэх нөхцлийг бүрдүүлж, орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар холбогдох арга хэмжээ авч, энэ сарын 15-ны дотор хэрэгжүүлж эхлэхийг тус газрын дарга Ц.Жадамбаад даалгасан юм. Үүрэг болгосон ажил ийнхүү хэрэгжлээ.

Сүлжээний багтаамж нэмэгдэж, интернэтийн үйлчилгээний үнэ буурснаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанар дээшлэх нөхцөл бүрдэж, газарзүйн байршлаас үл хамааран интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэх боломж нээгдлээ гэж Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа орон нутгийн интернэт холболтын нээлтийн ажиллагааны үеэр онцлон хэллээ.

Мөн 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжтай холбогдоогүй байгаа Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт 4 дүгээр сарын 1-ний дотор сүлжээний өргөтгөл хийж, интернэтийг “Ижил үнэ-Тэгш хурд”-аар өгөхөөр болжээ.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ