АНЭУ Элчин сайдын яамаа нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-15 15:31:18

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) Монгол Улсад Элчин сайдын яамаа нээсэн талаар өнөөдөр ГХЯ-ны Европ, Америкийн газрын дэд захирал Э.Есүхэй мэдээлэв.

Тэрбээр, “Монгол Улс АНЭУ-тай 1996 онд дипломат харилцаа тогтоожээ. Тус услын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Заид Аль Нахъяны 2014 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсоны дагуу өнгөрсөн долоо хоногт Элчин сайдын яамаа албан ёсоор нээв. Арабын Нэгдсэн Эмират Улс Монгол Улсад хэрэгжсэн Тайширын усан цахилгаан станцын төслийн санхүүжилтэд зориулан 13 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байв. Түүнчлэн Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сантай тогтоосон харилцааны хүрээнд Монгол Улсад хэрэгжих төслүүдэд хөрөнгө оруулалт татах, Монголын бараа бүтээгдэхүүн тэр дундаа мах, махан бүтээгдэхүүнийг Ойрхи Дорнодын орнуудад экспортлох зэргээр хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа ойрын жилүүдэд эрчимтэй өргөжих төлөвтэй байна” хэмээв.

Мөн тэрбээр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг энэ сарын 09-нд БНТУ-д ажлын айлчлал хийсэн талаар мэдээллээ.

Айлчлалын үеэр тус улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, ноён Али Кемал Айдинтай уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх боломжийн талаар хэлэлцжээ. Мөн хоёр улс НҮБ-аас хэрэгжүүлэх аливаа арга хэмжээний үеэр хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцжээ.

Уг айлчлалын дараа ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Монгол, Английн Засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалт, Монгол болон БНГУ-ын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтад оролцжээ. Дээрх уулзалтуудын үеэд АСЕМ-ын Дээд түвшний болон бусад уулзалтын бэлтгэл ажил, Монгол Улсын байнга төвийг сахих бодлогыг танилцуулсан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ