Хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөж буйгаа Ким-Трампын уулзалтын дараа мэдэгдэнэ

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-02-08 15:15:50

СӨҮЛ. /TASS/. Сөүл болон Вашингтон цэргийн хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдэхээр тохиролцжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг тус улсын Засгийн газрын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, команд-штабын “Key Resolve ” сургуулилтыг гуравдугаар сарын 4-нд хийхээр төлөвлөж байгаа аж.


Дээд хэмжээний уулзалтын өмнө Умард Солонгосын эрх баригчдын унтууцлыг төрүүлэх нэмэлт хүчин зүйлүүдийг бий болгохгүйн тулд хамтарсан сургуулилтыг хэдийд хийхээр төлөвлөж буйг мэдэгдэх өдрийг хойшлуулах шийдвэр гаргасан гэж эх сурвалж онцлон тэмдэглэсэн байна. Үүнээс гадна, АНУ болон БНАСАУ-ын удирдагчид хэлэлцээ хийх үеэрээ цэргийн хамтарсан сургуулилтуудыг бүрэн цуцлах эсвэл хойшлуулах тохиролцоонд хүрч магадгүй гэж тэрбээр хэлжээ. Эдгээр шалтгаанаар мөн цэргийн сургуулилтад төвийг сахисан нэр өгөхөөр шийдсэн байна.


Команд-штабын “Key Resolve” болон “Foal Eagle” хээрийн сургуулилтыг энэ онд хийж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд урьд нь мэдээлж байсан билээ. Энэ сургуулилтуудыг ихэвчлэн хоёрдугаар сарын сүүлч болон дөрөвдүгээр сарын дунд үед зохион байгуулдаг.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хоёрдугаар сарын 27-28-нд Вьетнамд уулзана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын 5-нд мэдэгдсэн билээ. Гэвч тэрбээр дээд хэмжээний уулзалтыг чухам аль хотод зохион байгуулах гэж буйг мэдээлээгүй юм.



Холбоотой мэдээ