Гахай жилд Монголын хөлбөмбөгчдөд таван улсын мэргэжилтэн зөвлөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-09 12:17:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн босгон дээр Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/ нь Азийн хөлбөмбөгийн холбоо /ХБХ/-ны дэмжлэгтэйгээр Техникийн хэлтсийн удирдлагын бүрэлдэхүүнээ хоёр шилдэг боловсон хүчнээр зузаатгалаа.


Тэргүүн сарын шинийн 4-ний билэгт сайн өдөр МХБХ-ны хамт олон сар шинийн золголтоо хийж сайн үйлсийг ярилцан уулзав. Энэ үеэр Ерөнхийлөгч А.Ганбаатар гадаад мэргэжилтнүүдийн гэрээг батламжилж, гардуулан өгч цаашид хамтран ажиллахдаа талархаж байгаагаа илэрхийлж амжилт хүслээ. МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нэгдүгээр сарын 20-нд тушаал гаргаж шинэ мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан юм.


МХБХ-ны Техникийн захирлаар ажиллах Хатем Соусси нь УЕФА “А” болон AFC “Pro” дасгалжуулагчийн зэрэглэлтэй бөгөөд АНЭУ, БНХАУ-д ажилласан туршлагатай АХБХ-ны шилдэг зөвлөхүүдийн нэг. Тэрбээр Тунис гаралтай бөгөөд Шинэ Зеланд улсын шигшээ багт хамгаалагчаар тоглож байгаад дасгалжуулагчаар ажилласан, Франц улсад боловсрол эзэмшсэн, англи, герман, франц, араб зэрэг таван хэлээр төгс ярьдаг, 2005 оноос ОУХБХ-ны /FIFA/-ийн зөвлөхөөр ажилладаг нэр хүндтэй мэргэжилтэн юм.


Түүний хамтаар дасгалжуулагчийн боловсрол болон өсвөр үе, идэрчүүдийн хөлбөмбөг хариуцсан менежерээр Словак мэргэжилтэн Растислав Бозик ажиллахаар болов. Тэрбээр УЕФА "Pro" зэрэглэлийн дасгалжуулагч бөгөөд, Словакийн “Нитра”, АНЭУ-ын “Ал Шааб”, “Ал Вада” клубт тус тус ажилласан. Малайзын шигшээ багийн биеийн тамир, чийрэгжилт хариуцсан дасгалжуулагч, Вьетнамын 23 насны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар тус тус ажиллажээ. Мөн Шинэ Зеландын Спортын шинжлэх ухааны хэлтсийн зөвлөх мэргэжилтнээр ажилладаг.


Дашрамд дуулгахад, Ойрын үед эмэгтэйчүүдийн хөлбөмбөгчдийн дасгалжуулагч Ики Ёожи-г орлох Япон мэргэжилтэн манай улсад ирнэ. Ийнхүү 2019 онд МХБХ-ны бие бүрэлдэхүүн Герман, Румын, Тунис, Словак, Япон гэсэн 5 орны шилдэг мэргэжилтэний хамт Монголын хөлбөмбөгийн хөгжлийн төлөө “Нэг баг-Нэг зорилго” уриан дор ажиллах юм.

Холбоотой мэдээ