Цагаан Дарь эх бурхныг нар мандахаас жаргахын хооронд амжиж бүтээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-13 16:22:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагаан Дарь эх бурхныг нэг өдөр бүтээх зан үйл өнөөдөр Богд хааны ордон музейд болж байна. "Соёлоор гийгүүлэхүй" ТББ, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Монголын Бурхан шашны дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн 10 гаруй уран бүтээлч нар мандахаас жаргахын хооронд амжиж Цагаан дарь эхийг бүтээх юм.

Хорьдугаар зууны эхэн үеэс эхлэн Их хүрээнд сар бүрийн шинийн найманд Цагаан Дарь эх бурхны хөргийг нэг өдөрт бүтээн зурдаг уламжлал тогтжээ. Энэ нь 1924 он хүртэл үргэлжилсэн байна. Ер нь бурхдыг зурахад маш их хугацаа шаарддаг. Харин хүний нас охордох ч юм уу, цаг тулсан үед насыг нь уртасгахын тулд нэг өдөрт багтаан Цагаан дарь эх бурхныг бүтээдэг зан үйл байдаг аж.

Өнөөдөр дээрх зан үйлтэй хамтатган, 1924 он хүртэл бүтээсэн Цагаан Дарь эх бурхны хөргийг Богд хааны ордон музейд дэлгэсэн юм. Тэдгээрийн дунд 100 гаруй жилийн өмнөх зээгт наамлаас эхлээд, 1918 он хүртэлх гар зургийн бүтээлүүд, Марзан Шарав гэж алдаршсан зураачийн бодит бүсгүйн дүрээр бүтээсэн  хөрөг ч байв.

"Соёлоор гийгүүлэхүй" ТББ, Богд хааны музей хамтран долоо дахь жилдээ дээрх түүхэн ёслолыг зохион байгуулж байна. Энэ үеэр Монголын буддист эмэгтэйчүүдийн “Буманханд” холбооны тэргүүн Ч.Гүнзэ Цагаан дарь эх бурхны тарнийг аялгуулан уншсан юм. Тэрбээр, “Цагаан дарь эхийн олон зан үйл байдаг. Нэг өдрийн Цагаан дарь эхийг бүтээж байгаа нь насыг уртасгагч, аюулаас хамгаалах зан үйлд ордог юм. Бурхны шашинд дарь эхийг эмэгтэй хүнээр дүрсэлж, ээж хүн болгон хүүхдээ аюулаас хамгаалдаг шиг Цагаан дарь эх бурхан хамаг амьтныг авран хамгаалж байдаг” хэмээн тайлбарлалаа. Мөн бурхдын зургийг татлах үеэр МУУГЗ, хөгжмийн зохиолч Лодойдамбын Насанбатын / Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамба, Ардын үжигчин Ч.Долгорсүрэнгийн охин/ аялгуу, МЗЭ-ийн шагналт Д.Доржготовын шүлэг "Дара эх" дууг дуучин Б.Уранбайгаль дуулан шүншиглэлээ.

Холбоотой мэдээ