"Эгшиглэнт говь" яруу найргийн наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 10:32:34

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг шүлэгч шалгаруулдаг "Эгшиглэнт говь" яруу найргийн наадам 3 дугаар сарын 21-нд Даланзадгад суманд болно.

Өмнөговь аймгийн ЗДТГазар, Монголын зохиолчдын эвлэлийн Өмнөговь дахь салбартай хамтран зохион байгуулдаг тус наадмыг энэ жил дэлхийн яруу найрагчдын өдрөөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Говь нутгийнхаа яруу найрчид, яруу найраг сонирхогчдын хамрах хүрээг тэлэх, тэднийхээ уран бүтээлийг чанаржуулах зорилготой уг наадамд оролцох хүсэлтэй уран бүтээлчдийг энэ сарын 20 хүртэл бүртгэх аж. Энэхүү наадамд 16 наснаас дээш ямар ч насныхан оролцох боломжтой бөгөөд чөлөөт сэдвээр өрсөлдөх юм.

1945 онд утга зохиолын бүлгэм нэртэй С.Удвал ахайтан санаачлан байгуулсан тус байгууллага өдгөө Монголын зохиолчдын эвлэлийн салбар болтлоо өргөжжээ. Тус байгууллага жилдээ албан ёсоор яруу найргийн хоёр наадам зохион байгуулдагын нэг нь дээрх "Эгшиглэнт говь" яруу найргийн наадам юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ