Жамаль Хашоггийн хэргийн тухай шинэ сэжүүр илэрчээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-02-15 20:06:05
Yesukheitumur Tumurbaatar

ИСТАНБУЛ. /Anadolu/. Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн талаар шинэ сэжүүр илрүүлсэн тухай Истанбул хотын цагдаагийн газраас мэдээлжээ.


Истанбул хотын цагдаагийн газрын 2018 оны тайланд дурдсанаар, консулын газраас хоёр худаг болон мод, байгалийн хийгээр ажилладаг зуух олджээ. Цельсийн 1000 хэм хүртэл халах хүчин чадалтай уг зуух нь хэрэгт холбогдолтой бүх ДНХ-г устгасан байх магадлалтайг тус тайланд онцлон дурдсан байна.


Хэрэг болсон тухайн өдөр Саудын Арабын 15 хүн консулын газарт нэвтэрсний дотор Саудын Арабын Дотоод хэргийн яамны шүүхийн шинжээчид багтаж байсан бөгөөд тэдний дунд Салах Мухаммед Тубей байжээ.


Өдгөө 47 настай Саудын Арабын Зэвсэгт хүчний дэд хурандаа Салах Мухаммед Тубей яснаас ДНХ авч шинжлэх судалгаагаар магистрын зэргээ хамгаалсан нэгэн бөгөөд энэ хүн ясанд ДНХ байгаа эсэхийг тодорхойлох чадвартай гэдгийг тайланд мөн дурдсан аж.


Түүнчлэн хохирогчийг амиа алдсаны дараа эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны үеэр консулын газрын ойролцоох алдартай ресторанаас 32 хэсэг бүхий түүхий махыг захиалсан болохыг тогтоосон байна.


Тэгэхээр уг хэргийг зохион байгуулсан хүмүүсийн төлөвлөгөөний нэг хэсэг нь махыг зууханд шарах явдал байсан уу? гэх мэт олон асуулт гарч ирж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байгаа учир дээрх асуултуудын хариултыг олох нь ойлгомжтой.


Ташрамд дурдахад, тэрбээр “Washington Post” сонинд ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газар очсоныхоо дараа сураггүй болсон билээ. Түүнийг консулын газарт амиа алдсан гэдгийг Саудын Арабын эрх баригчид хоёр долоо хоногийн дараа хүлээн зөвшөөрч, энэ хэрэгт холбогдуулан 11 хүнийг баривчилсан бөгөөд Саудын Арабын прокурорын газар эдгээрийн тавд нь цаазаар авах ял оноохыг шаарджээ.

Холбоотой мэдээ