Менингит өвчнөөс урьдчилан сэргийлэхийг онцгой анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-17 19:26:18
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Он гарсаар улсын хэмжээнд менингит өвчний таван тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн мэргэжлийн эмч Ж.Оюундалай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ оны эхний хоёр сарын байдлаар менингоккот халдвараар улсын хэмжээнд 1-4 насны таван хүүхэд өвчилжээ.

Мэргэжлийн байгууллага шуурхай арга хэмжээ авч өвчний голомтод ариутгал, халдваргүйтлийг хийсэн байна. Менингококкийн халдвар нь хүндэрснээр менингит болдог.  Менингит нь  тархи болон нугасыг бүрхсэн хамгаалах хальсны хурц үрэвсэл бөгөөд бактери болон вирусийн гаралтай байж болох учир ханиах, найтаах, үнсэхэд  агаар, дуслын замаар халдварладаг байна. Иймд хүүхдийн дархлааг дэмжиж орчны ариун цэвэрт онцгой анхаарах хэрэгтэй гэлээ.

Менингит өвчин нь ихэнхдээ бага насны хүүхдүүдэд элбэг тохиолдож тархи нугасыг гэмтээдэг хүнд халдварт өвчин юм. Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг Ж.Оюундалай эмч  анхаарууллаа. Ялангуяа хүүхэд тань гэнэт өндөр халуурвал онцгой анхаарах хэрэгтэй гэлээ. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг. Сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ. Уг өвчлөл 3-4, 9-11 дүгээр сард зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм.

Холбоотой мэдээ