Гялгар уут хэрэглэж, импортлосон ААН-ийг гурван сая төгрөгөөр торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-02-17 17:40:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гялгар уутыг хилээр оруулж ирэх, худалдаа, үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 189-р тогтоол ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Дээрх тогтоолтой холбоотойгоор гялгар уутны оронд юу хэрэглэх, үүнд сав баглаа, боодол үйлдвэрлэгчид бэлэн эсэх, хогны уутыг хязгаарлах уу, нийлэг уут хэрэглэсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх гэсэн олон асуулт гарч ирж байна. Тогтоолд нийлэг уутны нимгэн, зузааны хэмжээг 0,035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хориглоно гэж нарийн зааж өгсөн юм. Тодруулбал худалдаа үйлчилгээ эрхлэхдээ дээрх заасан хэмжээтэй нимгэн, нийлэг уутыг ашиглах, бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээ цуг зарж борлуулахыг хориглосон. Үүнд хүнс, барааны дэлгүүр, худалдааны зах болон төв, сүлжээ дэлгүүрүүдэд хэрэглэж буй цэнхэр, улаан судалтай уутнууд, мөн хувцасны дэлгүүрүүдэд бараагаа хийж өгдөг олон төрлийн уутнууд орж байна. Эдгээр уутнууд нь 0.035 мм-ээс нимгэн буюу олон удаагийн хэрэглээ даадаггүй, 1-2 удаа хэрэглээд хаядаг учир байгаль орчинд сөрөг нөлөө бүхий хог болдог. Ийм уутнуудыг хязгаарласнаар нөгөө талаар үйлдвэрлэгч, импортлогчид уутны чанараа сайжруулан 0.035 мм-ээс зузаан уутыг худалдаа үйлчилгээндээ ашиглаж хэрэглэх боломж гарч ирж буйг БОАЖЯ-наас мэдэгдэж байна.

Тогтоолоор хогны уутыг хориглоогүй, гол нь хогийн уут гэдэг нь шууд харахад мэдэгдэхуйц байх ёстойг анхааруулж байна. Мөн үйлдвэрлэлийн савлагаатай, хүнсний зориулалтаар ашигладаг гялгар уутыг хориглоогүй байгаа ч цаашдаа хязгаарлах аж. Дээр дурдсан заалтууд үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хамаарна. Харин иргэдийн хувьд гялгар уут хэрэглэхийг хязгаарлаагүй. Зөвхөн дотоодын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон импортоор орж ирэх гялгар уутны эх үүсвэрийг хянаж, хориглож эхэлснээр аажимдаа нийлэг уут өдөр тутмын хэрэглээнээс шахагдаж, хүнсний зориулалттай уутнууд л хэрэглээнд үлдэх учиртай юм гэдгийг БОАЖЯ-ны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган тэмдэглэж байна.

Тогтоолыг дагаж мөрдөөгүй, зөрчсөн нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300 мянгаас 3 сая хүртэлх төгрөгөөр торгохоор заажээ. Энэ тал дээр худалдаа үйлчилгээний газруудад МХЕГ, хил гаалиар орж ирж байгаа гялгар уутыг Гаалийн ерөнхий газар хянаж ажиллах үүрэг хүлээгээд байна.


Манай улсад жилд 2.3 сая тонн хог хаягдал гардагийн 100 гаруй мянган тонныг нь нийлэг уут, хуванцар сав, эдлэл эзэлдэг байна. Өнгөрсөн онд олон улс Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг “Нийлэг, хуванцар хог хаягдалтай тэмцье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, 100 орчим улс орон нийлэг, хуванцар эдлэлийг хориглохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг мөрдөн ажиллаж байна.


Б.Болд

Холбоотой мэдээ