Хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-18 11:35:39

Улаанбаатар /МОНЦАМЭ.  Улсын драмын эрдмийн театраас санаачлан хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлаж байна. "Уралдааны зорилго нь, Монгол Улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын урын санг хүүхдийн сэдэвт бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэхэд оршино" гэж тус театрын уран сайхны удирдагч, МУСГЗ, найруулагч, зохиолч Н.Ганхуяг онцлов.

 "Хүүхэд өсвөр үеийнхэнд эерэг харилцаа, ёс зүйн зөв төлөвшил, гоо зүйн хүмүүжил, олгоход чиглэгдсэн түүхэн сэдвээс бусад агуулга бүхий бүрэн хэмжээний жүжгийн зохиол байх, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр явуулж буй төрийн бодлогыг харуулсан шаардлагыг хангасан бүтээл туурвисан хэн ч бүтээлээ ирүүлж болно. Жүжгийн зохиолыг А4 цаасан дээр компьютерээр шивж ирүүлнэ. Гар бичмэл хүлээж авахгүй. /Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5, үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байна/.  Зохиолыг 5 хувь хувилж  ирүүлнэ" гэж  тус театрын менежер Ш.Чандмань мэдээлэл өгөв. 
Уралдаанд шалгарсан бүтээлд
1 дүгээр байр  – 10,000,000  төгрөг          
2 дугаар байр – 8,000,000 төгрөг       
3 дугаар байр – 5,000,000 төгрөгөөр урамшуулна.

Уралдааны дүнг ирэх 04 дүгээр сарын 12-ны дотор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театрын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс дүгнэнэ. Байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг хоёрдугаар улиралд багтаан зохиогчид олгох юм байна. Уралдаанд шалгарч байр эзэлсэн бүтээлүүд нь Төрийн өмч болно. Уралдаанд оролцох бүтээлийг ирэх 03 дугаар сарын 29-ны өдрийн 17 цагаас өмнө Улсын драмын эрдмийн театрын менежер Ш.Чандмань гэсэн хаягаар хүлээн авна. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй юм байна.

Холбоотой мэдээ