"Эх орноо гэсэн сэтгэл өрх гэрээс эхэлдэг" уриатай 3 сарын аян эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-02-18 14:40:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ноос Гэр бүлийн тухай хуулийг орон даяар хэлэлцүүлэх санаачилгыг гаргаж “Хамтдаа хэлэлцье” аяныг зохион байгуулах болсон тухай “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийв.


Энэхүү аян 2019 оны гуравдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгэн хүртэл 3 сар үргэлжлэх юм. Уг аяны хүрээнд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг олон нийтэд бүхий л сувгаар танилцуулан, өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Харин үр дүнг нийтэд мэдээлж, саналуудыг нэгтгэж хууль санаачлах эрх бүхий Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газарт хүргүүлэх аж. Ингэснээр уг аян нь Гэр бүлийн хууль тогтоомж, төрийн бодлогыг боловсронгуй болгоход тодорхой дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой гэж АЭХ-ноос онцолж байна.


Улс орны оршин тогтнох үндсэн суурь нь Гэр бүл бөгөөд эндээс иргэн, бие хүн төлөвшдөг болохоор тухайн улс орны хамгийн чухал эд эс нь билээ. Гэр бүлийн хууль нь монгол хүн бүр, өрх бүрийн амьдрал, өрхийн гишүүдийн харилцааг зохицуулдаг нийгмийн харилцааны хамгийн чухал суурь хууль юм.


Одоооос 20 жилийн өмнө баталсан Гэр бүлийн тухай хууль нь нийгмийн харилцаа, тэр тусмаа гэр бүлийн харилцаанд гарч байгаа өөрчлөлтүүд болон нөлөөллийг төгс зохицуулах өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас өнөөдөр гэр бүлд тулгарч олон асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн боломжууд хаалттай хэвээр байна. Онцлон дурдвал, Гэр бүлийн гишүүд нийгэм, үр хүүхдийнхээ өмнө хүлээх, тэжээн тэтгэх хариуцлагаас зайлсхийсэн нөхцөлд хүлээлгэх хууль зүйн хариуцлагад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсаар байна. Шүүхээр хүүхдийн тэтгэмж тогтоолгосон боловч амьдрал дээр 70 хувь нь уг тэтгэмжээ авч чадахгүй байна. Энэ бол Үндсэн хуулийн 16.11-д зааснаар гэр бүл, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн заалтыг ноцтой зөрчиж, хүүхдийн тэжээн тэтгүүлэх эрхийг эдэлж чадахгүй өнөөг хүрлээ. Улмаар улсын хэмжээнд гэр бүл салалт нэмэгдэж, хүүхэд өнчирч, тэдний эрх зөрчигдөх, хүмүүжил төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх, томчууд өөрсдөө эцэг эх байх эрхээ цуцлуулахаас эхлэн олон сөрөг үзэгдлүүд нийгэмд газар авч байна.


Өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс тоочвол, 2945 гэрлэлт цуцлагдсан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 1146 хэрэг, эцэг тогтоолгох 392 хэрэг шийдвэрлэгдсэн нь өмнөх онуудаас огт буурахгүй байна. Улсын хэмжээнд өрх толгойлсон эх, эцгийн тоо 76893-д хүрсэн нь гэр бүлийн асуудал төрийн бодлогын эхэнд байх зайлшгүй шаардлагатай болсныг илтгэж байгаа юм.


Гэр бүлийн тухай шинэчлэн найруулсан хуулийг 2014-2016 онуудад УИХ-аар хэлэлцэж байсан боловч батлагдахгүй өнөөдрийг хүрээд байна. Иймд “Хамтдаа хэлэлцье” аяныг зохион байгуулагчдаас “Эх орноо гэсэн сэтгэл өрх гэрээс эхэлдэг” гэсэн уриалгын дор иргэд, хамт олон, төрийн болон ТББ-ууд хамтран ажиллахыг уриалж байлаа. 


АЭХ-ноос тус хуулийн төслийн хүрээнд хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулж, ард иргэдийнхээ саналыг авах бөгөөд идэвх санаачлага гарган ажилласан хувь хүн, байгууллагыг шалгаруулна. "Миний гэр бүлийн аз жаргал" сэдвийн хүрээнд гар зураг, эссэ бичлэг, нийтлэл, гэрэл зургийн уралдааныг зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ