П.Нямдорж: Дотоодын ААН-үүд үнэт цаасны зах зээлд олноор гарах суурь бэлтгэгдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-19 15:52:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн зах зээлд өнгөрсөн онд таван компани хувьцаа гаргасан бол он гараад хоёр компани IPO хийгээд байна. “Дотоодын компани, ААН-үүд хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах үйл явц 2017 оны сүүлээс хурдацтай эрчимжсэн”-ийг Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж онцолж байна.

Дээрх үйл явцыг тэрээр, үндэсний компаниуд болон иргэд, хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээл өндөр өгөөжтэй, өртөг багатай санхүүжилтийг босгож болдог, таатай нөхцөл бүхий талбар юм гэдгийг ойлгож эхэлсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. “Манай улсад сүүлийн 27 жил санхүүгийн зах зээлд банкны салбар давамгайлж ирсэн. Банкны салбарын тухайд өндөр хүүтэй байгаа учир үндсэн ашгийг арилжааны банкууд л хүртээд байна гэсэн шүүмжлэл нийгэмд олон жил явж байна. Тэгвэл санхүүгийн салбарын бас нэг боломж нь хөрөнгийн зах зээл юм гэдгийг ойлгож эхэлснээр одоо Монголд үнэт цаасны зах зээл зөв гольдрол руугаа орж эхэлж байна” гэдгийг П.Нямдорж тэмдэглэж байна.

2017 оны сүүлээр “Ай түүлс” компани анх хувьцаагаа гаргаж эхэлсэн. Хоёр жил тасраад байсан IPO-гаа үргэлжлүүлж хийхэд хувьцааны захиалга нь гурав дахин их болж өмнө нь 200-300-гаас хэтэрдэгүй байсан хөрөнгө оруулагчид мянга мянгаар болж, энэ нь тухайд үедээ бол хөрөнгийн зах зээл дээр сенсаац болж байжээ. Энэ байдал нь цааш цаашдийн компаниудын хувьцаа гаргах суурийг бэлдэж өгсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнээс хойш Хөрөнгийн бирж нийгэм, олон нийтэд хандан МҮОНТ-тэй хамтран “Ногоон сум” реалити шоу нэвтрүүлэг хийж, хувьцааны талаар мэдээлэл өгөн, хот, хөдөө орон нутагт сургалт зохион байгуулж, сурталчилгаа өрнүүлсний ирсний дүнд ААН-үүд болон иргэд үнэт цаасны зах зээлийг анхаарч оролцох болсон.


IPO хийж буй компаниуд хөрөнгийн зах зээл дээр бүгд амжилттай явах магадлал өндөр байгаа. Яагаад гэвэл дотоодын ААН-үүд үнэт цаасны зах зээлд гарах суурь нь хэдийнэ бэлтгэгдээд байна.



Үүний дараагаар хөрөнгийн зах зээлд “ЛэндМН” компани гарч ирснийг хүн бүр сайн мэдэж байгаа. Энэ компани дээр зургаан мянган хөрөнгө оруулагч орж ирж, нийт захиалгын хэмжээ 16 дахин давсан. Өнгөрсөн онд таван компани IPO хийж хувьцаагаа гаргасны сүүлийн жишээ гэвэл олны мэдэх “Монгол базальт”, “Түмэн шувуут” компаниуд хувьцаагаа гаргаад байна. Он гараад “Ард кредит” гэсэн хоёр компани хөрөнгийн зах зээлд орж ирлээ.

Энэ талаар П.Нямдорж хэлэхдээ, “IPO хийж буй компаниуд хөрөнгийн зах зээл дээр бүгд амжилттай явах магадлал өндөр байгаа. Яагаад гэвэл дотоодын ААН-үүд үнэт цаасны зах зээлд гарах суурь нь хэдийнэ бэлтгэгдсэн. Учир нь монголчуудын хувьд тодорхой хэмжээнд, тодорхой хүрээнд үнэт цаасны зах зээл ашигтай, өгөөжтэй юм байна гэдгийг ойлгоод эхэлсэн учир тэр хэмжээгээр хувьцааны зах зээлд орж ирж байна. Одоо бидэнд “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг томоохон компаниудаа гадаад, дотоодын үнэт цаасны зах зээлд давхар бүртгэлтэй болгож хувьцаагаа арилжаалах үүд хаалгыг нээж, дотоодын компаниудаасаа гадна гадаадын компаниудыг Монголын хөрөнгийн зах зээлд оруулж ирэх зэрэг олон үйл ажиллагаа хүлээж байна” гэсэн юм.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ