Өвдөг, түнхний үе солих мэс заслыг аймагтаа анх удаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-20 19:09:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон 2019 онд хэрэгжүүлэх ажлынхаа тоймыг аймгийн Засаг дарга, хэлтэс агентлагийн удирдлагуудад танилцууллаа.  Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар 2018 онд шилбэний түгжээст хадаас хадах хагалгааг 6, өвдөгний үе солих хагалгааг 4, түнхний үе солих хагалгааг 1 удаа хийсэн ба өвдөг, түнхний үе солих хагалгааг анх удаагаа хийжээ.


Тус эмнэлгийн Мэс заслын тасагт хийгддэг хэвлийн хөндийн дурангийн мэс засал эмчилгээ 2015 оноос анх хийгдэж эхэлсэн бөгөөд тус хагалгааны тоо жил тутам нэмэгдэж байгаа ажээ. 2018 онд нийт 31 дурангийн хагалгаа хийгдсэн нь 2016 оноос 5-аар илүү байгаа аж.

Тус аймгийн ЗДТГ-аас 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил“ болгон зарлаж, тус зорилтын хүрээнд явган аялал, “Бүжиг-хөдөлгөөн-эрүүл мэнд” аян, "Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” өдөрлөг, “Эрүүл хүнс-эрчимтэй хөдөлгөөн” аян зэрэг иргэдийн эрүүл мэндийг дэмжсэн, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлсэн олон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

Мөн сэтгэл засал эмчилгээ, арьс, хумсны мөөгөнцөр тодорхойлох шинжилгээ, оюун ухааны түвшин тогтоох сорил гэх мэт эмчилгээ, оношилгоог шинээр хэрэгжүүлж эхэлжээ.

“Эрүүл мэндийг дэмжих жил“-дээ тус салбарт нэг тэрбум, 997 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн нь өмнөх оныхоос 3 дахин их байна.

Дэлгэрхангай суманд шинээр Эрүүл мэндийн төв баригдан ашиглалтанд орж, Эрдэнэдалай суманд шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлж, Нэгдсэн эмнэлгийн моргийн барилгын засварын ажлыг хийснээс гадна Нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан, Дэлгэрцогт, Гурвансайхан сумдын эрүүл мэндийн төвүүд, 2 өрхийн эмнэлэгт тус тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээний автомашинтай болжээ.

2018 оны байдлаар  эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлийн тохиолдол бүртгэгдээгүй, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.7, нялхсын эндэгдэл 1.4, нярайн эндэгдэл 2.4 промилиэр тус тус буурсан, халдварт өвчний 407 тохиолдол  бүртгэгдэж, 10 000 хүн амд 88,6 промилль болсон нь  өнгөрсөн оны мөн үеэс 84 тохиолдол буюу 20,0 промиллиор буурсан үзүүлэлттэй байна.

Аймгийн хэмжээнд 153 их эмч, 149 сувилагч, 147 мэргэжилтэн, 260 ажилтан нийт 46,820 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.

Холбоотой мэдээ