Шайбтай хоккейн улсын аваргын алтан медалийг Бугант баг хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-20 19:32:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ сарын 17-18-ны өдрүүдэд шайбтай хоккейн өсвөрийн дунд насны УАШТэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Б.Алдармөнх дасгалжуулагчтай, Э.Амартөр ахлагчтай Бугант баг түрүүлж, аваргын алтан медаль, шилжин явах цомын эзэд болжээ. Удаах байрт Улаанбаатар хотын Ананд-Эрдэнэ баг, Дарханул аймгийн Шарын гол сумын Золбоот тамирчид баг тус тус шалгарсан байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Мөсөн гацуур” хоккейн талбай дээр зохион байгуулагдсан уг тэмцээнд тэмцээнд дөрвөн багийн 60 гаруй өсвөрийн тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ.

Тэмцээний Шилдгийн шилдэг тоглочоор Бугант багийн Э.Амартөр, Тэгш тоглогчоор Хөх чононууд багийн У.Цэнгэл, Шилдэг довтлогчоор Ананд эрдэнэ багийн П.Мөнхмэнд, Шилдэг хамгаалагчаар Бугант багийн Э.Саяранбек, Шилдэг хаалгачаар Бугант багийн Б.Батсайхан нар тус тус тодорчээ. Тэмцээнийг Бугант нандин ХХК-ийн захирал, МХХ-ны дэд Ерөнхийлөгч С.Батсүх ивээн тэтгэсэн байна. Тэмцээний үеэр Канадаас ирээд байгаа дасгалжуулагчид Бугант тосгоны хүүхэд, багачуудад үзүүлэх сургалт зохион байгуулж, хоккейн хувцас хэрэглэлүүдийг гардуулан өгсөн аж. Сургалтанд Бугант тосгоны 50 гаруй хүүхэд хамрагджээ. Мөн тэмцээнийг зохион байгууллахад хоккейн ахмад тамирчид, тосгоны ЕБСургууль, 19-р цэцэрлэг, Соёлын төв, Ерөө сумын ЗДТГазар, Хоккей сонирхогч иргэд хамтран оролцсон байна.  

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Бугант тосгоны Захирагч Д.Эрдэнэбулган, МХХ-ны дэд Ерөнхийлөгч С.Батсүх, МХХ-ны НБДарга н.Батэрдэнэ, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч н.Мэргэн, Сэлэнгэ аймгийн БТСГ-н дарга У.Батмөнх, Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар, Засаг даргын орлогч Э.Одгаравнар оролцжээ.

 

Холбоотой мэдээ