Шинийн 15-ны Буян хураах аялал найм дахь жилдээ боллоо

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2019-02-21 16:06:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол түмэн хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрийг сонгож буяны ном хуруулан, заяа буянаа даатган залбирдаг. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Эрдэнэцогт сумын Хачин ламын хийд, Соёлын төв хамтран жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр шашин урлагийн арга хэмжээг зохион байгууллаа.

“Сар шинийн буян хураах" шашин, урлагийн аялал найм дахь жилдээ болж буй бөгөөд мөн үеэр Хачин ламын хийдийн лам хуврагууд сүсэгтэн олны ажил үйлсийг саадгүй бүтээх, хар цагаан хэл амнаас ангид байлгаж, нас буяныг уртасгах шашны судар ном Мандал өргөж, Хийморийн болон Нутгийн сан тавин, Жанлав Цогцол ном хурж, Цагаан шүхэрт, Цэнд ном айлдан, Өлзий хутгийн хурыг буулгаж сан тавин даллага авдаг уламжлал тогтжээ.
Шашин урлагийн арга хэмжээнд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдээс гадна сумын сургуулийн авьяаслаг багачууд ая дуугаа өргөсөн байна. Аялал цааш Шатар чулуун хөшөө цогцолборын чиглэлд үргэлжилжээ.

Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж, түүний дурсгалыг мөнхлөн Шатар чулууны хөшөө дурсгалыг босгосон гэж ам дамжин ярьж ирсэн түүхт эл хөшөө дурсгал Эрдэнэцогт суманд байдаг. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, Монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд ч мөн тэнд дүрслэгдсэн байдаг байна.