Монгол, Хятадын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна
ХИЛИЙН ЧАНАДААСБээжин /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хоёрдугаар хуралдаан БНХАУ-ын Бээжин хотноо хоёрдугаар сарын 25-нд болж, 2018 онд болсон анхдугаар хуралдаанаас дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хэлэлцэж, 2019 оны хамтарсан зөвлөлийн ажлын төлөвлөгөөг ярилцлаа.
Хамтарсан зөвлөлийн Монголын талын тэргүүн, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ярихдаа, "2017 онд Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулагдаж, улмаар 2018 онд анх удаагаа хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан нь Монгол, Хятад хоёр улсын ард түмний уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх чухал ач холбогдолтой байлаа. 2018 он бол хоёр талын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн үйл ажиллагааны гарааны жил, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг нэгтгэн төвлөрүүлж, нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр явуулж эхэлсэн анхны жил байв. Хятад улс өнгөрсөн он жилүүдэд цөөнгүй улс оронтой хамтын ажиллагааны ийм механизм байгуулан идэвхтэй, амжилттай ажиллаж ирсэн нь бидэнд бэлэн туршлага, сурах, жишээ авах таатай боломж олгосныг энд цохон тэмдэглэж байна. Өнгөрсөн 2018 онд хоёр тал энэ механизмын хүрээнд нийт 44 ажил хэрэгжүүлэхээр хэлэлцэж тохирсон. Өнөөгийн байдлаар, нийт ажлын 40 нь буюу 90 гаруй хувь нь бүрэн, амжилттай хэрэгжсэн гэж үзэж байна" хэмээв.
Мөн тэрбээр, 2019 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн жил тохиож байгааг онцлоод, энэ түүхт ойг хоёр тал бүтэн жилийн туршид хамтран тэмдэглэхээр тохирч холбогдох бэлтгэлийг ханган, ажлаа төлөвлөж, төслөө харилцан солилцож, судалж байна. 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд, энэ онд хүмүүнлэгийн салбарт олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв. Тухайлбал, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр 20 гаруй, орон нутгийн харилцааны талаар 20 гаруй ажил хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Д.Даваасүрэн, дипломат харилцааны 70 жилийн түүхт ойг тэмдэглэж буй таатай боломжийг ашиглан олон салбарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн гүнзгийрүүлж, тулгамдсан асуудлуудын шийдлийг хамтдаа эрэлхийлж, нэгдсэн тохиролцоонд хүрч, төлөвлөсөн томоохон төсөл, хөтөлбөрийг бодитойгоор эхлүүлэн, урагшлуулахын төлөө чармайж ажиллах саналтай байгаагаа дурдаад, ойг тэмдэглэх Монголын талын саналыг боловсруулахдаа, үүнийг онцгой анхаарч, улс төр, худалдаа, эдийн засгийн хэсэгт хоёр талын хооронд идэвхтэй яригдаж байгаа том төслүүдийн шийдлийг урагшлуулах, ажлыг нь эхлүүлэх зорилго тавьсан болно. Хамтран ажиллах явцад Хятадын тал манай энэ байр суурь, саналыг хүлээн авч нааштай хандсанд талархаж байна гэсэн юм.
Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх 1008 айлын орон сууцны төслийг нээх ёслолын тухай, Тосонцэнгэл-Улиастайн чиглэлийн 67 км замын төслийг эхлүүлэх, Шанхайн олон улсын импортлогчдын үзэсгэлэнгийн үеэр “Invest Mongolia“ хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулах зэрэг манай саналыг БНХАУ-ын тал хүлээн авчээ.
Мөн Монголын тал Хятадын талын төслийг хүлээж аваад сайтар судалж танилцан, цөөнгүй ажлыг өөрийн талын төсөлд тусган хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд, БНХАУ-ын дарга Си Жин Пиний бүтээлүүдийн монгол орчуулгын хэвлэлийн нээлтийн ёслол зохион байгуулах саналыг хүлээн авсан төдийгүй, “Хятадын киноны сар”, “Хятадын кино долоо хоног”, Хятадын баримтат кино, телевизийн жүжгийг нэвтрүүлэх сар”, “Хятадын теле-жүжгүүдийн талаарх монгол үзэгчдийн уулзалт”, “Хятад-Монголын нэгдсэн хаврын үдэш”, ”Монголын орон нутгийн залуучуудын нүдээр Хятад-Монголын харилцаа 70 жилд” зэрэг Хятадын талын олон ажлыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх зэрэг ажил багтжээ. Түүнчлэн орон нутгийн харилцааны талаар Хятадын тал ӨМӨЗО, ШУӨЗО, Тяньжин хотын чиглэлээр хэрэгжүүлэх хэд хэдэн ажлын санал тусгасны ихэнхийг Монголын тал хүлээн авсан байна.
Хамтарсан зөвлөлийн Хятадын талын тэргүүн Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, "Бид нэг жилийн өмнө анхдугаар уулзалтаа амжилттай зохион байгуулж, харилцан тохиролцсон ажлынхаа ихэнхийг нь ажил хэрэг болгож чадлаа. Энэ нь хоёр талын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой байв. Өнгөрсөн уулзалтын дараа хоёр талын хүмүүнлэгийн солилцоонд олон эерэг үр дүн гарсан. Тухайлбал, хоёр улсын хүмүүс хоорондын солилцоо 2.2 саяыг давсан байна. Өнөөдөр Хятад улсад Монгол Улсын арван мянга гаруй оюутан суралцаж байгаагийн гуравны нэг нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж байна. Хятадын эмч нарын баг олон удаа Монгол Улсад ажиллаж, залуучуудын байгууллага болон орон нутгийн хамтын ажиллагаа идэвхжлээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн онд хоёр удаа уулзсан байна. Удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба Зам”-ын уулзалтад оролцоно. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд айлчлах гэж байна. Цаашид бид хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог сайтар хэрэгжүүлж, харилцааг дахин шинэ шатанд гаргах шаардлагатай байна" гэв.
Мөн тэрбээр, Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн гишүүн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах, цаашид хоёр тал харилцахдаа инновацийн асуудалд илүү анхаарах, хүмүүнлэгийн солилцоог эдийн засаг, худалдааны эргэлттэй уялдуулан нийгэмд бодит хүртээмж бий болгох зэрэгт анхаарч, өнгөрсөн онд олсон ололтуудаа энэ жил амжилттай бататган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Тус хуралдаанд Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй БСШУСЯ, БОАЖЯ, НЗДТГ, Соёл урлагийн газар, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн ЗДТГ, МСНЭ, МОНЦАМЭ агентлаг, БНХАУ-ын талаас Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу тэргүүтэй Боловсролын яам, Соёл, аялал жуулчлалын яам, Улсын эрүүлийг хамгаалах, эрүүл мэндийн хороо, Улсын радио, телевизийн ерөнхий газар, Улсын биеийн тамирын ерөнхий газар, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Бүх Хятадын найрамдлын нийгэмлэг, Хятадын Коммунист залуучуудын холбоо, Тяньжин хот, ӨМӨЗО, ШУӨЗО-ны төлөөлөл оролцож, салбар салбарынхаа чиглэлээр 2018 онд хийсэн болон 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа.