Цэвэрлэх байгууламжийг товлосон хугацаанаас өмнө ашиглалтад оруулахыг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-26 10:25:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сайншанд суманд баригдах цэвэрлэх байгууламжийг Түрк Улсын “Эйч Эн Си” компани барихаар болжээ.

Дээрх төслийг хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Н.Оюун болон цэвэрлэх байгууламж  барихаар тендерт шалгарсан“Эйч Эн Си” ХХК-ийн төлөөлөгчид аймгийн Засаг дарга болон цэвэрлэх байгууламж барих Дорноговь аймгийн Ажлын хэсгийнхэнтэй хоёрдугаар сарын 25-нд уулзлаа.

Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг ирэх гуравдугаар сард эхэлж, 2020 оны  тавдугаар сард ашиглалтад оруулах бөгөөд төслийн хүрээнд цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн корпус барилга, уурын зуух, сараалжийн барилга, лаг боловсруулах барилга, нэгдсэн биологи цэвэрлэгээ, бохир усны гол коллектор, ус хангамжийн шугам, гүний худаг, гадна дулаан, цэвэр усны шугам, технологийн усны шугам, гадна цахилгаан, гадна холбоо, автоматик, гадна холбоо, (шилэн кабель), аршанд өвөр шандыг холбосон бохир ус дамжуулах 4,5км шугамын ажил хийж гүйцэтгэх аж.

Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин "Сайншанд суманд стандарт чанарын шаардлага хангасан цэвэрлэх байгууламж байгуулах, иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлье.

Барилгын ажлын зөвшөөрөл, эрчим хүч  зэрэг шаардлагатай бүхий зүйлсээр дэмжиж ажиллана. Мөн бүтээн байгуулалтад орон нутгаас ажиллах хүч авах, орон нутгийн бизнес эрхлэгчдээс бараа материал худалдан авч, дэмжиж ажиллаарай" гэв.

Тэрээр орон нутгийн цаг агаарын давуу талыг ашиглан барилга угсралтын ажлыг эрт эхэлж, товлосон хугацаанаас өмнө ашиглалтад оруулахыг хүсэв.


Холбоотой мэдээ